Энэтхэгт үл мэдэгдэх вируст чичрэг өвчин дэгджээ
ШИНЭ ДЕЛИ. /PTI/. Өнгөрсөн хоногт Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар-Прадеш мужид үл мэдэгдэх вируст чичрэг өвчнөөр 12 хүүхэд нас баржээ.
Энэ өвчний халдвар авсны улмаас нас барсан нийт хүний тоо тус мужид 68-д хүрсэн бөгөөд нас барсан хүмүүсийн 40 нь хүүхдүүд аж. Нас барагсдын тоо үүнээс ч олон байж магадгүй байна. Мужийн эрүүл мэндийн газар хувийн эмнэлэгт халуурч нас барсан болон эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан хүмүүсийг тооцоогүй байна.
Уттар-Прадеш мужийн баруун хэсэг вируст чичрэг өвчний голомт болжээ. Тус мужийн Агра, Матхура болон Фирозабад хотод өвчний хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Агаарын чийгшил өндөр, хэт халж байгаагийн улмаас өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа аж. Зарим газруудад эмнэлгийн ор хүрэлцэхүй байгаа тул эмч нар вируст чичрэг өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тосгоноос хот руу зөөж, коронавирусний халдвар авсан хүмүүсийг эмчлэх клиникт байрлуулахаас өөр аргагүйд хүрчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: