“Эко констракшн”-ийн С.Нямдаваагийн холбогдох хэрэгт нөлөө орсон уу?

EE60B7AD-4129-4481-994C-9F5ACC9DE750Одоогоос долоон сарын өмнө барилга угсралтын “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахиад яллагдагчаар татах тогтоол баталж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн талаар хэвлэлүүд бичиж байв.

Гэвч уг хэрэг одоог хүртэл Хан-Уул дүүргийн цагдаа дээр аль нэг тийш шийдэгдээгүй, хэн нэгэн мөрдөн байцаагчийн хавтаст хэрэг дор хав дарагдсан гэх мэдээлэл байна. Үүнд цагдаагийн байгууллага тайлбар хийхдээ яллагдагчаар татагдсан С.Нямдавааг хэрэгтэйгээ танилцаагүй тул ийнхүү асуудал хойшлогдоод байгааг хэвлэлд хэлсэн байдаг. Үнэндээ тухайн хэрэгтэй танилцах хугацаа хэдийнэ өнгөрсөн баймаарсан. Монголын цагдаа нар хэргийг ийм шалгадаг болсон юм уу, бүү мэд. Эсвэл нөлөө ороод хэргийг удаашруулж байгаад мартагнуулах гэсэн санаа байна уу гэх хардлага эрхгүй төрж байна.

Хэрэв энгийн хэн нэгэн иргэн асуудалд холбогдож, яллагдагчаар татагдвал цагдаагийн албан хаагчид Нийслэлийн прокурорын зарлан дуудахаар ч хамаагүй дуудан ирүүлж, хэрэгтэй нь танилцуулдаг дэг журамтай. Харин энэ дэг журам нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно гэдэг С.Нямдаваад үйлчилдэггүй бололтой.

Түүний хэргийн тухай эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт дээрх нэр бүхий хүмүүсийг холбогдуулсан. Улмаар “Эко констракшн” компанийн албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хүргүүлсэн юм.

Ингэхдээ “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллах хангалттай баримт үгүй учраас яллагдагчид ашигтай байх зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Харин дээрх хэргүүдийг “Эко констракшн”-ы үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нар үүрч, шүүхээс яллах дүгнэлт сонссон билээ.

https://tac.mn/post/82105


URL: