Японы шүүх Якузагийн босст анх удаа цаазын ял оноожээ

Япон улсын Фукуока хотын шүүх өчигдөр Кудо-кай зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн толгойлогчид цаазын ял оноожээ.

Энэ үйл явдлыг тус улсын шүүхээс Якуза бүлгийн босст цаазын ял оноосон анхны тохиолдол гэж хэвлэлүүд мэдээлж байна. Шүүх тус бүлгийн босс Сатору Номурад цаазын ял оноосон бол дэд босс Фумио Таноуэд бүх насаар хорих ял оноож, 20 сая иенээр ($182,200) торгожээ.

Номураг өөрийн бүлгийн гишүүдэд энгийн иргэдийн амь насыг бүрэлгэх тушаалыг дөрвөн удаа өгч байсан гэж буруутгасан байна.

Тухайлбал 1998 онд боомтын барилгын төслийн маргааны улмаас орон нутгийн загас агнуурын нийгэмлэгийн тэргүүнийг буудах тушаал өгч байжээ. 2012 онд цагдаагийн офицерийг буудуулж, 2013 онд өөрийг нь эмчлэхээс татгалзсан эмнэлгийн сувилагчийг хутгалж алах тушаал өгсөн байна. Дараа жил нь эхэнд дурдсан хохирогчийн хамаатныг бас алах тушаал өгч байжээ.

Хэдийгээр хоёр ялтан дээрх аллагуудад шууд оролцоотойг нотлох баримт хангалттай олдоогүй ч Кудо-Кай бүлэг зохион байгуулсан тул хариуцлага хүлээх ёстой гэж үзээд тэдэнд хатуу шийтгэл оноосон байна.

Шүүх хурлын үеэр Номура ял оноосон шүүгчийг сүрдүүлсэн тухай Японы хэвлэлд мэдээлжээ. “Би шударга ёсыг шаардаж байна. Энэ шийдвэрийнхээ төлөө чи насан туршдаа харамсах болно” гэж тэр шүүгчид хандаж хэлснийг Нишиниппон Шимбун сонин мэдээлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа үеэс Якуза нар Японы нийгэмд хүчтэй нөлөөтэй болж, хар тамхи, биеэ үнэлэлт, сүрдүүлэг зэрэг хууль бус бизнесээр олон тэрбум доллар олдог болж томорсон юм.

Гэвч сүүлийн үед Японы засгийн газар якуза бүлгүүдийг эдийн засгийн аргаар шахаж, оршин тогтнох боломжийг нь хааж байгаа. Үүний улмаас гишүүдийн тоо нь огцом буурч, байр сууриа алдах болжээ.

Италийн Мафи, Хятадын Триадаас ялгаатай нь Якуза бүлэглэлүүдийг хуулиар хориглодоггүй, олон нийтийн нүдэн дээр үйл ажиллагаагаа ил явуулдаг юм.

 

Эх сурвалж: AFP


URL: