Германы Канцлер Украйн улсыг дэмжинэ гэж амлалаа

224F31D0-CEE9-459A-A516-7B22536A747EГерманы канцлер Ангела Меркель Украйн улсыг дэмжиж, бүх талын хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдгээ эртнээс илэрхийлээд байсан. Тодруулбал Орос, Украйны газар нутгийн маргааны асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлнэ гээд байгаа билээ.

Тэрээр энэ сарын 22-нд Украйнд албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Ангела Меркель: “Миний оролцоотойгоор мөн Францын ерөнхийлөгчийн оролцоотойгоор дахин нэг дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг хүсэж байна. Мэдээж ОХУ-ын ерөнхийлөгч, Украйны ерөнхийлөгчийг оролцуулах уулзалтыг хэлж байна. Амжилттай хэлэлцээр зохион байгуулахын тулд манай холбоотнууд хамтрах хэрэгтэй” гэж онцолжээ. Харин Украйны ерөнхийлөгч Зеленский: “Донбасс дахь газар нутгийн асуудлыг энх тайван замаар шийдвэрлэх нь чухал. Нормандын хэлэлцээний дагуу Украйн, Герман, Франц зэрэг холбоотон улсууд нэг ойлголт, нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй” гэсэн юм. Ингэснээр Донбассын нутгийг кластер байдлаар эзэмших асуудал гарч ирж байна. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн дараагийн чухал асуудал бол “Хойд урсгал-2” нэртэй Оросын хий дамжуулах хоолойн асуудал байлаа. Уг хийн хоолойг Оросын геополитикийн заналхийлэл гэж үзсээр байх болно гэж ерөнхийлөгч Зеленский хэлж байна. Энэ бол Украйныг эрчим хүчээр таслах нэг төрлийн дарамт гэж үзэж байгаа юм. Харин Германы канцлер хэрвээ тийм зүйл болбол бид Украйнд дэмжлэг үзүүлэхээ амлаж байна гээд хэрэв энэ хийн хоолойг заналхийлэх зэвсэг болгож ашиглавал бид шинэ төрлийн хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. “Хойд урсгал-2” төслийн бүтээн байгуулалтын ажил 9-р сарын 12-нд дуусах төлөвтэй байгаа билээ.


URL: