Ө.Сумъяабаатар: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарал хандуулъя

img_7072Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.08.23) боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтсийн мэдээллийг сонслоо.

Дүүргийн хэмжээнд 12-17 насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь дархлаажуулалтдаа хамрагдсан

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын мэдээлснээр энэ сарын 18-аас эхлэн “ковид-19” халдвараар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд ор дүүрсэн бөгөөд бусад дүүргийн хувьд ч ялгаагүй. Ачаалал нэмэгдсэн, ор дэлгэж эхэлсэн. Халдвар авч байгаа иргэдийн олонх нь 0-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд байна гэдгийг онцоллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор багш болон цэцэрлэгийн насныхан шинжилгээ өгөхөөр эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Дүүргийн хэмжээнд 12-17 насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь дархлаажуулалтдаа хамрагдсан. Цаашид хөл хөдөлгөөн нэмэгдэж халдварын тоо ихсэх хандлагатай байгаа тул Төмөр замын бүс орчимд дархлаажуулалтын цэгийг дахин нэмнэ. Хүн амын нягтаршил ихтэй хороод үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн төрийн тусгай чиг үүргийн буюу Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулж байгаа ч явц муу байгаа. Ирэх долоо хоногоос өөр бүлгийн хүмүүсийн дархлаажуулалтын гурав дахь тунг хийж эхэлнэ гэсэн мэдээллийг өглөө.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 12 хүүхэд 800 оноо авлаа

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан цаг үеийн мэдээллийг сонссон. Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилтэй холбоотой бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ онд хамран сурах тойргийн хүүхдүүдээ авах үүрэг даалгавар өгсөн гэдгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн танилцуулсан. Мөн энэ сарын 19-өөс 22-ны хооронд улс даяар Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зохион байгуулсан. Баянгол дүүрэг ЭЕШ-ыг амжилттай зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд 12 хүүхэд 800 оноо авсан. Тодруулбал, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баянгол-Цахим сургууль” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу ЕБС-ийн 70 багш бүх төгсөгчдөө нэгтгэн цахим анги нээн ажиллуулсны үр дүн гарсан. Гэхдээ энэ бол эцсийн үр дүн биш. Халдвар авсан хүүхдүүд ирэх сарын 2-ноос 5-нд дахин шалгалт өгнө. Тэгээд нэгдсэн байдлаар шалгалтын үр дүнг танилцуулна гэсэн юм.

Хог ачилт дээр туслан гүйцэтгэгч авна

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ынхан дүүргийн нутаг дэвсгэр дэх хог цэвэрлэгээ, ачилтын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг өгсөн. Албаныхны өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт хог ачилтыг сайжруулах талаар дүүргийн удирдлагууд, 25 хорооны Засаг дарга болон хог хаягдлын олон нийтийн байцаагч нар уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр асуудлаа ярьсан. “Баянгол шинэ өргөө”-гийн хувьд хэд хэдэн асуудал байдаг. Нэгдүгээрт, хог ачилтын машинд эвдрэл гэмтэл их гардаг учраас хуваарьт өдрөө хог ачиж чадахгүйд хүрдэг. Хоёрдугаарт, зуны саруудад хүн хүчний нөөц дутагдалд ордог. Гэхдээ нөөц бололцоондоо тулгуурлан асуудлуудаа шийдвэрлэж ажиллаж байна. Мөн өнгөрсөн баасан гарагт болсон хуралдаанаар зарим хороон дээр туслан гүйцэтгэгч оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Хорооны Засаг дарга нартай хамтран ажил хэрэг болгоно гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга туслан гүйцэтгэгч авч ажиллах тал дээр анхаарал хандуулаарай. Ажил сайжрахгүй бол дүүргээс ажлын хэсэг гарч ажиллана гэв.

Ногооны худалдаачдад зөвлөн тусалж ажиллаж байна

Дүүрэг дэх Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, МХХ-ээс энэ сарын 19-өөс 22-ны өдрүүдэд ЭЕШ-ыг улс даяар авсантай холбоотойгоор дүүргийн хэмжээнд шалгалт авсан байршлуудад хяналт тавьж ажилласан. Мөн дархлаажуулалтын цэгүүдэд хяналт тавьж ажиллалаа. Илэрсэн ноцтой зөрчил байхгүй. “Барс” захын баруун талд 1000 автомашины зах дээр өнөөдрийн байдлаар 70 гаруй ногоочин худалдаа эрхэлж байна. Зарим нь гарал үүсэл нь тодорхойгүй төмс хүнсний ногоо зарах, жингийн баталгаажуулалт хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан иргэн аж ахуй нэгжүүдийг торгох бус харин зөвлөн туслах арга хэмжээ авч ажилласан гэв. Мөн дүүрэг дэх Цагдаагийн газар МХХ-тэй хамтран “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүд болон сургуулийн орчны камержуулалтад хамтарсан хяналт шалгалт хийж байна. “Хархорин” захын орчимд нийтийн эзэмшлийн талбайд иргэдийг худалдаа эрхлүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд захын удирдлагууд болон хорооны Засаг даргатай хамтран ажиллаж байна гэв.

Замууд аравдугаар сар гэхэд ашиглалтад орно

Хуралдааны төгсөлд дүүргийн Засаг дарга зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, хороодын Засаг дарга болон ажлын алба хороондоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд дээр дахин хяналт тавьж ажиллах. Гүйцэтгэгч компаниудад ямар нэг хүндрэлтэй асуудал тулгарвал боломжит нөхцөл байдлаараа тусалж дэмжиж ажиллах. Хороон дарга нар хороондоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай газар дээр нь очиж танилцах, тэр дундаа 17, 18, 19 дүгээр хорооны Засаг дарга нар хороондоо хийгдэж байгаа ажилд анхаарал хандуулах шаардлагатай байна гэв. Мөн Баянгол дүүрэгт энэ онд тавигдах зам засвар,  шинэчлэлийн ажилтай холбоотойгоор 400 гаруй гарааш чөлөөлсөн. Байшин хороололд тавигдаж байгаа замын ажилд ямар нэг саад тулгарахгүй. Харин гэр хороололд газар чөлөөлөх асуудал бол бий. Жижиг замууд аравдугаар сар гэхэд ашиглалтад орно. Мөн холбогдох газар хэлтсүүд Нийслэлийн авто замын газрыг мэдээллээр хангаж ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Улмаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох газар хэлтсүүдэд үүрэг өгсөн. Үүнд:

  • “Ковид-19” халдварын нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүй байгаа тул тусгай чиг үүргийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийнхнийг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулахад анхаарч ажиллах
  • Төр захиргааны байгууллагынхан ажилтан алба хаагчид руугаа чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллах. Мөн ариутгал халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийх. Албан байгууллагууд УОК, НОК-оос өгсөн заавар зөвлөмжийг мөрдөж ажиллах. Цахимаар хуралдах зэргээр олон хүний бөөгнөрлийг үүсгэхгүй байх
  • Дүүргийн онцгой комиссын хурлыг идэвхжүүлэх. УОК, НОК-оос гаргаж байгаа шийдвэрийг ДОК-ын гишүүдэд цаг алдалгүй танилцуулж байх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд цэцэрлэг сургуулиуд бэлтгэлээ хангах. Орон сууцны дулаалга, дээвэр засварын ажлыг эрчимжүүлэх. Мөн цас орж халтиргаа гулгаа эхлэхээс өмнө зам дээр цацах элс, давсны нөөцийг бүрдүүлэх
  • Дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүх хороод дээр ажиллаж галын дүгнэлт гаргах. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажлыг яаралтай зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.


URL: