Өвчнөөр баяжигсад илчлэгдэж, баривчлагдсаар байна

611da5a3b0241Коронавирус цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажилласан гэж бусдаар өрөвдүүлж, эвийлүүлж байсан ХӨСҮТ-ийн зарим албан тушаалтныг саатуулсан талаар хэвлэлүүд шуугьж байна.

ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй хэд, хэдэн албан тушаалтныг хорьсон бөгөөд тэд зарим ААН-д давуу байдал олгосон байх магадлалтай гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм.

Тодруулбал, ковид-19 цар тахлын дэгдэлт гаарч байсан үед PCR болон түргэвчилсэн шинжилгээ авдаг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулахдаа зарим компанид давуу эрх олгочхож.

АТГ-т ирсэн гомдлын дагуу шалгахад саатуулагдаад байгаа албан тушаалтнуудыг хамаарал бүхий этгээдийн гэрээс 150 сая төгрөг хураан авсан байна.

Уг нь эмч, эмнэлгийн ажилтнууд ковид-19 цар тахалтай тулж, улаан бүсэд ажиллаж байгаа учраас  цалин, урамшууллыг нь нэмэгдүүлсэн. Төрөөс багагүй анхаарал хандуулж, орон сууцны ипотекийн зээлд ч холбож өгч байсан нь саяхан.

Гэтэл дунд болон доод албан албан тушаалтнууд нь хөлсөө дуслуулж, хүчээ баран байж ажиллаж байхад дээд шатныхан нь өөрт ашигтайгаар “жаалж” байсан нь ийн илчлэгдэж байна.

Саатуулагдсан С.Энхзаяа тэргүүтэй албан тушаалтнуудыг тийн хөрөнгө шамшигдуулж байсныг ХӨСҮТ болон ЭМЯ-ны удирдлагууд ч мэдэж байсан тухай зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Учир нь цар тахлын ид дэгдэлтийн үе гэдэг нь ХӨСҮТ-ийн захирлаар Б.Нямхүү ажиллаж байсан гэсэн үг.

Харин саяхан Б.Нямхүүг ажилд нь буцаан томилох шийдвэр шүүхээс гарсан нь ХӨСҮТ-ийн булхайг дэлгэх шалтаг болсон аж. Хэрвээ Б.Нямхүү  ажилдаа эргэн очихоор улайрвал дараагийн удаа дахиад ч олон хүн мөнгө завшиж, албан тушаалаа урвуулсан нь ил болох гэнэ.

Товчхондоо ЭМЯ, ХӨСҮТ-ийн одоогийн удирдлага болон Б.Нямхүүгийн үеийнхний хоорондын “дайн”-аас болж, өвчнөөр хөлжигсөд илчлэгдэж байгаа аж. Зовлон ихдэхээр лам таргалж, зуд болоход нохой зоолно гэж энэ байх даа.

https://erennews.mn/article/48866


URL: