Авлига ба Афганистаны төр амархан унасан бусад шалтгаан
Талибууд асар хурдтай давшиж, Америкийн болон түүний холбоотнуудын цэрэг Афганистанаас гарч амжаагүй байхад нийслэл Кабул хотыг эзлэн авсан нь афганчууд төдийгүй дэлхийн олон нийтийг цочроон гайхшрууллаа. НАТО-гийн орнуудын сургаж бэлтгэсэн 300 мянган хүнтэй Афганистаны хүчирхэг арми талибуудыг яагаад зогсоож дийлсэнгүй вэ? Үүний учир шалтгаануудын талаар ВВС агентлагийн тоймч дорх дүгнэлтүүдийг хийсэн байна.
Авлига ба эр зориг нь мохсон цэргүүд
“Бид 20 жилийн хугацаанд Афганистанд 1 их наяд гаруй доллар зарцуулсан. Бид Афганистаны цэргийн 300 мянган албан хаагчийг сургаж, хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд америкчууд зөвхөн Афганистаны армид гэхэд 83 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дээр дурдсан 300 мянга гэдэг нь Афганистаны арми, агаарын цэргийн хүчин ба цагдаагийн байгууллагад алба хашиж буй хүмүүсийн тоо юм.
Харин АНУ-ын Вест-Пойнт цэргийн академийн судлаачдын тооцоолсноор, Талибаны үндсэн хүчийг 60 орчим мянган хүн бүрдүүлж байна. Зарим эх сурвалжууд 75-80 мянга гэсэн тоог дурддаг. Гэтэл бодит байдал дээр Афганы армийн командлал цэргүүдийнхээ тоог яг таг мэддэггүй байсан гэдгийг Их Британийн Эзэн хааны Батлан хамгаалахын судалгааны нэгдсэн хүрээлэнгийн судлаач Жек Уотлинг хэллээ.
Засгийн газрын армийн дайчилгаа бүрэн хэмжээгээр явагддаггүй, цэргээс оргох, авлига нэхэх, цэргүүдийн ёс суртахуун, дайчин чанар, эр зориг мохох зэрэг асуудал хуримтлагдсаар ирсэн. Цэргийн зарим дарга нар биеэр бус бичиг цаасан дээр алба хаадаг цэргүүдийнхээ цалинг өөртөө авдаг байсан тухай ВВС-гийн цэргийн асуудлаар бичдэг сэтгүүлч Жонатан Бил бичжээ.
Батлан хамгаалах, Дотоод хэргийн яамдууд авлигад идэгдсэн гэдгээрээ аль хэдийнэ алдар цуутай бөгөөд цэргийнхэн, цагдаа нар хэдэн сараар цалингаа авч чадаагүй тохиолдол олонтоо гарч байжээ. Америкчууд ба тэдний холбоотнуудын хувьд, Афганистаны батлан хамгаалах чадамжинд нөлөөлөх авлигын үр дагаврыг дутуу үнэлсэн гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа адмирал Майк Маллен дүгнэж байна. Авлига бол Афганы армийн ялагдалд нөлөөлсөн цорын ганц биш юм аа гэхэд гол хүчин зүйл байсан гэдгийг адмирал хэллээ.
Цэргүүдийг таних хүнгүй, хамаатан саднаас нь алс хол газарт алба хаалгахаар илгээж байсан нь тэдгээр цэргүүд тулалдахгүйгээр зэвсгээ хураалгаж байсны нэг шалтгаан байв. Тэд гэртээ харьж, гэр бүлээ хамгаалахыг эрмэлзэж байлаа.
Барууны орнуудын загвараар байнгын армийг Афганистанд байгуулах гэж оролдсон америкчууд ба түүний холбоотнууд алдаа хийсэн гэдгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа адмирал Жеймс Ставридис хэллээ. Түүний үзэж байгаагаар, байнгын армийн оронд талибуудынхтай адил хөдөлгөөнт отрядуудыг байгуулах нь зүйтэй байжээ.
“Хууль бус” засгийн газар
Америкчууд дайран орсноос хойш сонгогдсон төрийн тэргүүн нар болох Хамид Карзай, Ашраф Гани хоёрын засаглалыг Афганы нийгмийн ихэнх хэсэг нь хууль ёсных гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан. Ингэж үзэх нэг гол шалтгаан бол авлига хээл хахууль газар авсан явдал юм.
Гани-гийн хувьд 2019-2020 оны сонгуулиар хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч сонгууль хэдэн сараар сунжирч, булхай зөрчилтэй болсон гэж өрсөлдөгч талууд бие биенийгээ буруутгаж байлаа.
30 сая гаруй хүн амтай энэ улсын 2 сая хүрэхгүй тооны иргэн сонгуулийн санал хураалтад оролцсон бол өмнөх ерөнхийлөгч Карзай шинэ ерөнхийлөгч Гани-гийн тангараг өргөх ёслолд ирж оролцсонгүй. Зөвхөн гадны хүчний дэмжлэгтэйгээр оршин тогтнож байсан Афганистаны эрх баригчдыг хууль ёсны засаглалын төлөөлөгчид хэмээн үзэхгүй байсан гэдгийг СNN-ийн тоймч Фарид Закария бичжээ.
Ерөнхийлөгч Ашраф Гани улс орноосоо гарч явав
Газар нутаг дээр нь гадаадын цэргүүд байгаа үед афганчууд ч тэр, бусад улсын иргэд ч тэр мэдээж баярлахгүй нь лавтай, тэр тусмаа өөр шашинтай буруу номтон цэргүүд байгаа үед бүр ч ихээр дургүйцэх нь ойлгомжтой гэж тэтгэвэрт гарсан Америкийн дипломатч Картер Малкасян хэллээ.
Гадаадын булаан эзлэгчдийг улс орноосоо хөөн гаргаж байсан гэдгээрээ афганчууд бахархдаг. Энэ бахархлыг нь талибууд чадамгай ашигласан бол Вашингтоноос хамаардаг засгийн газар чадсангүй.
Олон афганчуудын хувьд АНУ-ын оролцоо нь асуудал бэрхшээл үүсгэсээр байсан, үүнийг ашиглаад “засгийн газар бол тоглоомын дэглэм мөн” гэсэн ухуулгыг талибууд явууллаа.
Америкийн генералууд, тэдний британи холбоотнууд “партизаны эсрэг дайн”-ы номлолд тулгуурлаж байлаа. Энэ нь дэд бүтцийн төслүүд, хөрөнгө оруулалтаар дамжуулан нэр хүнд муутай засгийн газрыг хууль ёсных болгох гэсэн оролдлого юм.
Чухамдаа энэ нь сүйрэлд хүргэх алдаа байлаа. Эрх баригчид гадаад улсуудаас хамааралтай байсан нь ард иргэдийнхээ дэмжлэгийг алдах шалтгаан байсан гэж Unherd сэтгүүлийн тоймч Арис Руссинос дүгнэжээ.
Талибуудын суртал ухуулга
Талибууд сүүлийн жилүүдэд ард иргэдтэй тулж ажиллаж, овгийн ахлагч нарын дэмжлэгийг авч, тэднээр дамжуулан зэвсгээ хураалган бууж өгөхийг цэргүүдэд ятгаж байлаа.
Талибанчууд орон нутагт хуурамч мэдээлэл тараах, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх аргуудыг хослуулж, хамтран ажиллавал өршөөнө гэж амлаж байлаа. Тэдний энэ хүчтэй суртал ухуулгад автсан цэргүүдийн дайчин чанар, эр зориг нь мохсон гэдгийг Шибарган хотын өндөр албан тушаалтан хэлсэн юм. Тус хот дахь хүчний байгууллагуудын ихэнх албан хаагч талибууд давшиж эхлэхээс өмнө зэвсгээ хураалган бууж өгцгөөжээ.
Талибуудын орлогын эх үүсвэрүүд
Талибуудын орлогыг Америкийн олон тэрбумын хөрөнгө оруулалттай харьцуулах боломжгүй боловч Талибан хөдөлгөөнд өөрийн гэсэн орлогын эх үүсвэрүүд олон бий. Тэд хар тамхины наймаа, контрабанд хийхээс гадна өөрсдийн хяналтанд байгаа нутаг орны фермерүүд, бизнес эрхлэгчдээс татвар хурааж авдаг байсан тухай Newlines Institute судалгааны төвийн судлаач Камран Бохари ярьж байна.
2020 онд талибууд уул уурхайн салбараас 464 сая доллар, хар тамхины наймаанаас 416 сая доллар, гадаадын хандивлагчдаас 240 сая доллар, бараа бүтээгдэхүүний экспортоос 240 сая доллар, мөн 160 сая долларыг татвар хэлбэрээр олсон тухай НАТО-гийн захиалгаар хийсэн нууц тайланд дурдсан байна. Зөвлөлтийн цэрэг нэвтрэн орсноос хойш Афганистанд их хэмжээний галт зэвсэг үлдсэнээс гадна засгийн газрын цэргийг ялах бүртээ талибууд Америкийн орчин үеийн зэвсгүүдийг олзлон авч байлаа.
Чадварлаг хэрсүү дипломат бодлого
Энэ удаад талибууд зөвхөн цэргийн хүчээр бус дипломат хүчин чармайлтыг хослуулсны хүчинд Афганистаныг хяналтандаа авч чадлаа. Талибуудыг тодорхой нэг бие хүн-удирдагч бус улс төрийн лидерүүдийн бүлэг удирддаг бөгөөд тэдний зарим нь Катарын нийслэлд байрладаг.
Доха-д болсон уулзалтын үеэр талибуудын удирдагчид “Аль-Каида”-гийн толгойлогчдыг цаашид орогнуулахгүй, хүчирхийллийн харгис хэлбэрээс татгалзана, хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжинэ” гэж Америкийн дипломатуудад итгүүлэн үнэмшүүлжээ.
Гэвч тэд амлалтандаа эзэн байж чадаагүй. Амлалтаа биелүүлэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болох тэр үед Америкийн цэргийг гаргах ажиллагаа ид өрнөж байсан бөгөөд Ж.Байден уг ажиллагааг зогсоохыг хүссэнгүй. Өнөөдрийн Талибан дэлхийн болон бүс нутгийн түвшинд хэрсүү туршлагатай дипломат тоглогчид гэдгээ харуулсан гэж сэтгүүлч А.Руссинос дүгнэж байна.
Талибаны улс төрийн удирдлага Орос болон Хятадтай хэлэлцээ хийх явцдаа Афганистанаас гадагш өөрсдийн үзэл санааг дэлгэрүүлэхгүй гэсэн амлалтыг өгчээ. Түүнчлэн Орос, Хятадын Гадаад харилцааны сайд нар талибуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Wall Street Journal сонины сурвалжлагч Чао Дэн бичихдээ “талибууд Хятад улсыг олон улсын тавцанд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгсэл, эдийн засгийн хувьд ивээн тэтгэгч, өөрсдөд нь тусалсан Пакистанд нөлөөлж чадах хүч хэмээн үздэг” гэжээ.
Пакистан ба Персийн булангийн орнуудын дэмжлэг
Талибаныг ялалтанд хүргэсэн гол хүчин зүйл бол чухамдаа Пакистаны дэмжлэг юм. Афганистаны иргэний дайны үеэр төвийг сахисан байр суурь баримтална гэж Пакистаны албаны хүмүүс мэдэгдсээр байсан боловч пакистанчууд Талибаны хээрийн цэргийн дарга нарыг хойд нутгийнхаа ууланд орогнуулж, хүчний байгууллагуудаараа дамжуулан тэдэнд дэмжлэг үзүүлсээр иржээ.
Талибуудын Талибан хөдөлгөөн нь чухамдаа Пакистанд анх үүсэн байгуулагдсан бөгөөд ЗХУ-аар дэмжүүлсэн Афганистаны коммунист засгийн газрыг түлхэн унагах зорилготой зэвсэгт сөрөг хүчин юм. Пакистаны тагнуулын гол бүтэц болох ISI гэдэг байгууллага бүр анхнаас нь талибуудад тусалж байв. Пакистаны Белужистан мужид талибуудын цэрэг-улс төрийн дээд зөвлөл болох “Шура” байрлан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.
Пакистаны арми, тагнуулын байгууллага Талибанд тусалсаар байгаагийн жишээ бол, талибууд хил дамжин чөлөөтэй шилжин явж, зэвсэг зөөж, шархадсан хүмүүсээ Пакистаны эмнэлгүүдэд эмчилж, Пакистаны паспортыг ашиглан аялж, том хотуудад бизнес эрхэлж байна.
Вазиристан муж – энэ бол Пакистан дахь талибуудын түшиц газар
Талибууд засгийн эрхийг авсны дараа Афганистаны тагнуулын байгууллагыг хянах гэсэн сонирхол пакистанчуудад маш их бий. Учир нь, Афганы тагнуулчид Пакистаны заналт дайсан болох Энэтхэгтэй хамтран ажиллаж байсан гэж сэжиглэдэг ажээ.
Пакистаны тал талибуудыг ивээн тэтгэж байгааг Саудын Араб албан бусаар далдуур дэмждэг ба Саудын шейхүүд, бизнес эрхлэгчид талибуудыг санхүүжүүлдэг тухай New York Times сонинд бичжээ. 1990-ээд оны дунд үед Афганистанд байгуулагдсан талибуудын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн улсууд бол чухамдаа Пакистан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират юм. Персийн булангийн өөр нэгэн баян хаант улс болох Катар Талибаны удирдагчдыг нийслэлдээ орогнуулж байсан билээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС
URL: