Ө.Сумъяабаатар: “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хотоос нэг, дүүргээс гурван машины парк шинэчлэл хийж байна

11(21)Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр (2021.08.11) “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т ажиллалаа.

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлын хэмжээг эрс бууруулах, иргэд, оршин суугчдын ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд хог хаягдлын тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг гүйцэтгэж ажилладаг бөгөөд дөрвөн хэлтэс, 240 ажилтантай, нийт гурван бригад өглөө 5:30 цагаас эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэг юм.

Дүүргийн Засаг дарга тус газарт ажиллах үеэрээ “Баянгол шинэ өргөө”-гийн удирдлагуудаас гадна ТҮК-ийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон. Улмаар дүүргийн Засаг дарга “Та бүхэн хичээж, сайн ажиллаж байгаа. Гэвч өмнө нь ажиллаж байсан хариуцлагагүй зарим удирдлагаас шалтгаалан техник байхгүй зэрэг олон хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Та бүхнийг ойлгож байна. Гэхдээ одоо бүгд шинэ менежментээр ажиллаж эрс өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хотоос нэг, дүүргээс гурван машины парк шинэчлэл хийж байгаа. Иймээс бүгд хичээгээд үйл ажиллагаагаа улам сайжруулах талаар анхаарч ажиллаарай” гэсэн юм.

Түүнчлэн Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын буюу ТҮК-ийн ажилчдыг ажиллах боломж нөхцөлөөр хангахын тулд санал хүсэлтийг нь сонсож, анхаарч ажилласаар ирсэн. Тухайлбал, ТҮК-ийн ажилчдыг ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор дүүргийн мэдэлд байсан хоёр байрыг тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг Халуун усны болон дүүргийн 11 дүгээр хороо байрлаж байсан хуучин байрыг тус тус чөлөөлж, Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн. Ингэснээр ТҮК-ийн ажилчид түрээсийн биш өөрсдийн байртай болсон юм. Мөн энэ онд хог хаягдлын менежментийг сайжруулах, үүсмэл хогийн цэгийг устгах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Бичил тохижилт үүсмэл хогийн цэг устгах” төсөл арга хэмжээг дүүргийн 9, 21 дүгээр хороонд, “Орчны тохижилт бүхий хог хаягдал ангилан ялгах цэг байгуулах” төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар  6 дугаар хороонд тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг дарга тус газарт ажиллах үеэрээ  “Баянгол шинэ өргөө”-гийн ажилтан, албан хаагчдад 3000 амны хаалт мөн ТҮК-ийн 116 ажилтанд хүнсний багц олгох дэмжлэг үзүүлснээ хүлээлгэж өгсөн юм.


URL: