Сибирийн түймрийн утаа анх удаа Хойд туйлд хүрэв

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэсээр байна.

Түймрийн утаа 3000 км-ын алсад орших Хойд туйлд хүрчээ. АНУ-ын НАСА агентлаг сансраас авсан гэрэл зурагт үндэслэн ингэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Сибирийн өргөн уудам ойд түймэр гарах нь нэмэгдсээр байна. ОХУ-ын мэргэжилтнүүд үүний шалтгааныг дэлхийн цаг агаарын дулааралтай холбон тайлбарладаг. Өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын цаг уурын мэргэжилтнүүд дэлхийн дулаарал бидний тооцоолсноос илүү хурдтай байгааг анхааруулсан тайлан хэвлүүлжээ.

Энэ жилийн түймэрт Якутын бүс хамгийн их хохирол амсав. Мөнх цэвдэг ихтэй, ОХУ-ын хамгийн хүйтэн бүс болох энэ нутагт энэ зун олон жилийн дунджаас илүү халуун, хуурай байжээ. ОХУ-ын Цаг уурын байгууллагаас 3.4 сая га талбай шатсан хэвээр, байдал улам ноцтой болж байна гэж мэдээлсэн байна.

Гал унтраагчид зарим хэсэгт хүрэх боломжгүй байна гэсэн бол тус улсын иргэд түймрийг унтраахад хангалттай санхүүжилт гаргахгүй байна хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: reuters.com


URL: