Л.Энх-Амгалан: ЕБС тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Л.Энх-Амгалан: “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс хичээлээ хаасан. Нэг хичээлийн жилд 180 хоног танхимаар хичээллэдэг ч бид 60 хувийг нь танхимаар хичээллэж чадаагүй. Нийт сургуулийн насны гурван хүүхдийн нэг нь хоцрогдолтой байна гэдэг судалгаа гарсан. Интернетгүй, зурагтгүй, гар утасгүй 185.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон.
Вакцинжуулалтын хувь өндөр байгаа учраас хичээлийг есдүгээр сарын нэгэнд эхлүүлэх боломжтой гэж үзсэн. Гэсэн хэдий ч эрсдэл өндөр хэвээр байгаа. Цэцэрлэгийн 4, 5 настнуудыг ЕБС-тай хамт нээнэ. Тав хоног хичээлдээ яваад, тав хоног гэрээсээ хичээллэх зарчмаар танхимын сургалтыг нээнэ. Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. Их, дээд сургууль, мэргэжлийн коллежуудын хичээлийг есдүгээр сарын нэгэнд цахимаар эхлүүлж, есдүгээр сарын 13-наас танхим болон цахим хэлбэрээр явагдана ” гэлээ.
URL: