Сүүлийн таван сарын хугацаанд Улаанбаатарт халдварын хамгийн бага тохиолдол бүртгэгдэв

Дельта вирусын гурван тохиолдлыг бүртгэгджээ

Сүүлийн хоногт Улаанбаатарт коронавируст халдварын 220 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол боллоо.

Тодруулбал, цар тахал гарснаас хойш хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 176 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш өдөр бүр 200-аас дээш тохиолдол илэрч байсан юм.

Зургаадугаар сарын 18-нд улсын хэмжээнд 2,746 хүнд коронавирусийн халдвар батлагдсан нь цар тахал гарснаас хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байв.

Харин орон нутагт шинээр илрэх тохиолдол долдугаар сарын 19-нөөс хойш Улаанбаатар хотынхоос давсан бөгөөд өдөрт шинээр илрэх халдварын гуравны хоёр нь аймгуудад бүртгэгдэж байна.

Орон нутагт ийнхүү халдвар нэмэгдсээр байвал эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шинжилгээнд эерэг эзлэх хувь 14 байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 24 цагт 7,195 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14.1 хувьд нь буюу 1,019 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Өнгөрсөн сарын эхээр шинжилгээнд эерэг эзлэх хувь 27.69-д хүрсэн буюу ойролцоогоор шинжилгээ өгсөн гурван хүн тутмын нэг нь халдвартай нь батлагдаж байсан юм.


URL: