Тяньжинд бөөгнөрсөн 4260 чингэлгийг татахаар Хятадын шийдвэрийг хүлээж байна
БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Монгол улс руу хаяглан илгээдэг импортын чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саатал, асуудал үүсэж, ачаа удаж байгаа талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ. Тиймээс энэ талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал О.Даваасүрэнээс тодрууллаа.
Чингэлгийн ачаа олон хоногоор саатах болсон шалтгаан нь юу вэ? БНХАУ-аас ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод манай улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалганд орсон 4260 чингэлэг бий./гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа чингэлэг ороогүй/
Монгол улсаас шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг БНХАУ-ын талд бүрдүүлж өгсөн. Тодруулбал, чингэлгийн жагсаалт, захиалганы дугаар, бараа бүтээгдэхүүний мэдээллийг бүрэн явуулсан. Энэ талаарх хамгийн эхний мэдээллийг зургадугаар сарын 03-нд өгсөн бол сүүлийн мэдээллийг долдугаар сарын 08-нд явуулсан байна.
БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас ямар шийдвэр хүлээж байна вэ?
-Чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цар тахалгүй байх үед өдөрт дунджаар 1-2 вагон явдаг байсан. Харин одоогоор өдөрт нэг л явж байна. Гэвч наймдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Тяньжин боомтоос Монгол Улсын импортын чингэлгийн галт тэрэг хөдлөөгүй.
Тяньжин-Эрээн-Монгол гэсэн чиглэлээр галт тэргээр ачаануудыг зөөдөг. Хэрэв манай улсын хил дээр ачааг аваад ирвэл Улаанбаатар төмөр замаас оруулж ирэхэд ямар ч асуудалгүй.
Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй. Мөн зургаа, долдугаар сард ирсэн чингэлгүүд ачигдаагүй хүлээгдэж байна.
URL: