Японд коронавирусын халдварын 3.177 тохиолдол анх удаа бүртгэгджээ

Японд коронавирусын халдварын 3.177 тохиолдол анх удаа бүртгэгджээ
Лхагва гарагт Япон даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол анх удаа 9,000-ыг давсан байна.

Зуны олимпын наадмыг зохион байгуулагч Токио хотод 3,177 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Олимпын наадам эхэлсэн өдрөөс хойш тус хотод нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол анх удаа 3,000-ыг давсан нь энэ юм.

Одоо Токио хотод онц байдлын хамгийн өндөр түвшний дэглэм хэрэгжиж байгаа. Уг дэглэм долдугаар сарын 12-нд эхэлсэн юм.

Коронавирусийн халдвар тархалт эрчимжсэн нь уг вирусийн Дельта хувилбартай холбоотой гэж судлаачид үзэж байна.

Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын 16 нь олимпын наадамтай холбоотой хүмүүсээс илэрчээ. Гэхдээ тэдний дунд ганц ч тамирчин байгаагүй юм. Олимпын наадамд оролцогчид, зохион байгуулагчдаас нийтдээ 169 халдварын тохиолдол илрээд байна.

Өнгөрсөн хугацаанд Токио 2020 наадамд оролцохоор гадаадаас нийт 38,484 зочин ирээд байгааг зохион байгуулах хороо мэдээлжээ.

Мягмар гарагийн байдлаар Япон улсын иргэдийн 25.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Үүнээс 68.2 хувь нь буюу 36 сая хүн өндөр настнууд ажээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш Япон даяар халдварын 879,445 тохиолдол бүртгэгдэж, 15,129 хүн нас бараад байна.

Эх сурвалж: AFP


URL: