МУУХАЙ МОНГОЛ

ыбыхыбө-Хасах л байсан юм бол Япон явахаас нь өмнө хасчихгүй дээ-

          “Дарин дээр давс нэмэв” гэдэг шиг олимпод оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй багийг тойрсон “хэрүүл” дээр С.Тулга дасгалжуулагчийн тайлбар “илүүц” болов уу даа. Тэгсэн хэр нь “Та нар олимп дууссаны дараа л наад хов жив, хэрүүлээ хийж болно шүү” гээд л “пээдэлзээд” сууж байх.

          Токиогийн олимпод оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй баг энэ сарын 16-нд Япон Улсад очсон. Японд очсон бүрэлдэхүүнд дасгалжуулагч С.Тулга болон Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ гэсэн зургаан тамирчин багтсан юм. Гэтэл Токиод очсоныхоо дараа олимпод оролцох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн багаас Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ хоёрыг хасчихав. Яг энэ цагаас “уралцаан” эхэлсэн гэж хэлж болох. Дасгалжуулагчийнх нь мэдээлснээр Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ хоёрыг гэмтэлтэй байсан учраас хассан аж. Тэрбээр “Д.Ганзулын нуруу нь татаж, өвдөг нь өвдөж байсан. Харин Б.Болор-Эрдэнэ Япон ирэхээс долоо хоногийн өмнө Д.Ганзултай мөргөлдөж, хамраа хугалсан” гэсэн юм. Тэрбээр ийн мэдэгдэл хийхдээ “Сонгогдсон дөрвөн хүүхэд маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Итгэхгүй бол ирцийн дэвтрийг харсан ч болно шүү” гээд их л “сайрхаж” гарав. Үүгээр ч зогсохгүй олимпод оролцохоор сонгогдсон хүүхдүүд сайд, дарга нарын хүүхдүүд биш шүү, олимпод оролцох багтаа “зөв” хүүхдүүдээ авч үлдсэн гэж хэлсэн юм. Нэг үгээр тайлбарлавал олимпын багаас хасагдсан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ хоёрыг “буруу” гээд хэлсэнтэй ялгаагүй болж байгаа юм.

          Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дасгалжуулагч нарын багт зургаан дасгалжуулагч байдаг гэнэ. Уг зургаан дасгалжуулагч өнгөрсөн хоёр жилийн хугацааны бэлтгэл, үр дүнг харсны эцэст дээрх шийдвэрийг гаргасан аж. Харин ахлах дасгалжуулагч С.Тулга “Багийнхаа хамгийн сайн тоглогчийг хасдаг дасгалжуулагч байхгүй. Гэхдээ олимпод оролцохоор сонгогдсон дөрвөн охин одоо хамгийн сайн тоглож байгаа” гэжээ. “Сайрхаж” мэдэгдэл хийсэн С.Тулга дасгалжуулагчийн мэдэгдэл уурсаж байсан олон нийтийг “дүрэлзүүлээд” хаячихав уу даа.

Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос анх зургаан тамирчинтай ирж болно гэж мэдэгджээ. Харин очсоных нь дараа цар тахлаас урьдчилан сэргийлэх дүрэмтэй холбоотойгоор дөрвөн тамирчныг нь оруулахаар болсон байна. Харин дасгалжуулагч С.Тулга “Манай 3х3 сагсан бөмбөгийн гэр бүл юу ч болсон хамт байна. Хэрэв манай баг олимпоос медаль хүртвэл бүгдээрээ хамт байж байгаад авна” гэж мэдэгдэлдээ дурдсан. Харин олимпод оролцох багаас хасагдсан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ хоёр олимпын хотхонд нэвтрэх эрхгүй учраас гадуур байрлаж байгаа гэнэ.

          Тэгээд бас болоогүй “Олимпод оролцохоор сонгогдсон дөрвөө байдаг чадлыг нь шавхаад хүчээр ташуурдаад, шилбүүрдээд оруулна даа” гээд л эмэгтэй хүнийг амьтан, адгуус мэт яриад “бахархан” сууж байх. Хасах л байсан юм бол Япон явахаас нь өмнө хасчихгүй дээ.

Ergelt.mn


URL: