Ноён доллар рэнминбигээс айсан уу?

712-16268218167-21-4Цахим мөнгөний зах зээлд олон улсын анхаарлыг багагүй татаж байгаа нь дижитал рэнминби буюу цахим юань болоод байна. Криптовалютуудын дундаас хамгийн нэр хүндтэйд тооцогддог биткойны гүйлгээг Хятад улс хязгаарлаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Үүний дүнд биткойны ханш ч багагүй савласаар байсан юм. Тэгвэл Хятад улс өөрсдийн рэнминбиг биткойноос илүү гаргах сонирхолтой байна гэж зарим шинжээчид дүгнэсэн. Тэгвэл биткойн блокчэйн технологид суурилдаг бол рэнминби нь ямар технологид бүтээгдсэнийг одоог хүртэл нууцалж байна гэж олон улсын сайтуудад бичжээ. Хятадын цахим мөнгөнд зориулж тусдаа платформ татаж авахаас гадна тус улсын төлбөр тооцоонд өргөн хэрэглэгддэг wechatpay, alipay зэргийг ч ашиглаж болох давуу талтай гэсэн байна. Ямартай ч урд хөршийн том амбицын илэрхийлэл болсон рэнминбигийн талаарх товч мэдээллийг хүргэе. 

e-CNY гэсэн товчлолтой цахим юань нь Хятадын төв банкнаас гаргасан  албан ёсны дижитал валют. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш олон нийтийн дунд туршилтанд оруулж эхэлсэн энэ цахим мөнгө бол томоохон эдийн засагтай орнуудаас гаргасан анхны дижитал валют бөгөөд юань, үнэт цаас, зоос зэрэгтэй дүйцэхүйц үнэ цэнэтэй гэж хэлж болно. Рэнминбигийн онцлог нь гадаад, дотоод гүйлгээний алинд ч агшин зуур шилжих зориулалттай, хоёр төхөөрөмж хоёулаа оффлайн байсан ч гүйлгээ хийх боломжийг олгох аж. Хятадын төв банк, Хятадын Ардын банк 2014 оноос судалгааг нь хийж эхэлсэн бөгөөд 2017 онд Төрийн зөвлөлөөс нь дижитал юанийнхаа хөгжлийг баталж технологийн компаниуд болох Алибаба, Wechat-ийг эзэмшдэг  Tencent , Huawei, JD.com зэрэг компаниудыг хамтран ажиллахыг урьсан байна. Ингээд 2019 оны аравдугаар сард дижитал юань гарна гэдгийг олон нийтэд мэдэгдэж 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятад улсын эргэн тойрны зургаан бүс нутагт туршилтын гүйлгээг хийж эхэлсэн. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр бараг 25 сая цахим юаний түрийвч 34.7 тэрбум юань буюу 5.34 тэрбум ам.долларыг 70.7 удаагийн гүйлгээгээр боловсруулаад байгаа аж. Рэнминбиг Хятадад байдаг Starbucks, McDonald’s зэрэг дэлгүүрүүд, мөн JD.com зэрэг онлайн худалдааны платформуудад зарцуулж болох юм байна.  Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хувийн бизнес эрхлэгчидтэй хамтран 150 сая гаруй юанийг дижитал юанийн туршилтын хэрэглэгчдийг татах, хэрэглээг идэвхжүүлэх урамшуулал болгон тараажээ.
БНХАУ-ын Ардын банк цахим юаний зорилго нь бэлэн мөнгийг хэсэгчлэн солих гэж мэдэгдсэн бөгөөд банкны хадгаламж эсвэл хувийн хэвшлийн төлбөрийн платформыг эзлэх санаа агуулаагүй гэж мэдэгджээ. Харин  мөнгө угаах, мөрийтэй тоглоом, авлига, терроризмын санхүүжилтийг бууруулахад ашиглаж, санхүүгийн гүйлгээний үр ашгийг дээшлүүлэх зорилготой гэсэн байна.
Үүний цаана Хятадын Засгийн газар ард иргэдийнхээ санхүүгийн гүйлгээг хянах шинэ хэрэгсэлтэй боллоо гэж шүүмжлэгчид цөөнгүй байгаа аж.  Мөн олон улсын гүйлгээнд ам.долларын зах зээлийг эзлэх том зорилготой гэж хардаж байгаа ч БНХАУ-ын Ардын банкны дэд ерөнхийлөгч Ли Бо үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн байна. Дэлхийн хаана ч очсон цахим юаниар гүйлгээ хийх боломжтой байхыг Хятад улс эрмэлзэж ингэж хөгжүүлж байгаа аж. Энэ нь ам.долларын орон зайг бага багаар хумих зорилго гэсэн хардлага байгааг АНУ нуухгүй байгаа.  Тухайлбал, АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен, Холбооны нөөцийн газрын дарга Жером Пауэлл нар дижитал юань гэх мэт дижитал валютуудын нөлөөг судалж, АНУ-ын долларт хэрхэн нөлөөлөх талаар судалж байгааг мэдэгдсэн. Мөн тус улсын  тоймч, албан тушаалтнууд цахим юань нь АНУ-ын хориг арга хэмжээ гэх мэт долларын зэвсэглэл, ноёрхлыг сулруулна гэж айж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
Гэвч өнөөдрийн байдлаар Хятадын хүн амын 87 хувь нь WeChat Pay, Alipay гэх мэт финтек програмуудад нэвтрэх эрхтэй бөгөөд эдгээр нь 2021 оны байдлаар Хятад дахь цахим төлбөрийн 90 гаруй хувийг эзэлж байгаа. Ренминби цахим юань нь энэхүү финтекүүдээ давж гарах уу, эсвэл зэрэгцэн орших уу гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байгаа аж. Магадгүй олон улсын хялбар гүйлгээгээр бусад финтекүүдтэйгээ зэрэгцэн хэрэглэгдэх боломжтой байж мэдэх юм. Тэгвэл Засгийн газраас нь цахим мөнгө гаргасан анхны улс болсон Хятадын араас Европын холбоо дижитал евро гаргах асуудлыг судалж, төлөвлөж байгаа аж.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: