Их Британийн ерөнхий сайд коронавирусын халдвар авчээ
Англи даяар хөл хорионы дэглэм цуцлах өдрөөс нэг хоногийн өмнө Их Британийн засгийн газарт коронавирусийн халдвар дэгдээд байна.
Тус улсын эрүүл мэндийн сайд Сажид Жавид коронавирусийн халдвар авснаа Бямба гарагт зарласан юм. Тэгвэл түүнтэй ойрын хавьтал болсон ерөнхий сайд Борис Жонсон, сангийн сайд Риши Сунак нар тусгаарлагдаж, гэрээсээ ажиллах болсныг өчигдөр зарлажээ.
“Sunday Times” сонинд мэдээлснээр Борис Жонсон өнгөрсөн Баасан гарагт Сажид Жавидтай удаан хугацаагаар уулзсан юм байна. Жонсон өнгөрсөн онд коронавирусийн халдвар авсан нь хүндэрч, бараг “үхээд боссон” юм.
Англид өнөөдрөөс эхлэн цар тахлын ихэнх хорио цээрийн дэглэмийг цуцлах гэж байгаа.
Уэльс, Шотланд, Умард Ирландад бас энэ жишгээр зарим хоригуудыг цуцлахаар бэлдэж байна.
Их Британид одоо нэг өдөрт 50,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа нь дэлхийд зөвхөн Индонез, Бразилийн дараа орох муу үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч Борис Жонсоны засгийн газар вакцинжуулалтын ачаар өвчний хүндрэл, нас баралтын тоо хэмжээ буурсан гэж үзээд хорио цээрийн дэглэмээ цуцлахаар бэлдэж байна.
Тус улсын насанд хүрэгчдийн гуравны хоёр нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан тул цар тахлыг хянаж чадна гэдэгтээ Борис Жонсон итгэлтэй байгаа юм.
Хорио цээрийн дэглэмээсээ салах энэ долоо хоногийн Даваа гарагийг Британийн хэвлэлүүд “эрх чөлөөний өдөр” хэмээн нэрлэж байна.
Харин сөрөг хүчний Лэйбор намынхан эрдэмтэд судлаачдын анхааруулгыг үл тоон, цар тахлын дэглэмийг сулруулах гэж буй Жонсоны засгийн газрыг хатуу шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: AFP
URL: