Арвайхээр-Өлзийт чиглэлийн 60 км авто замын шинэчлэлийн ажлыг шалгажээ

Арвайхээр-Өлзийт чиглэлийн 60 км авто замын шинэчлэлийн ажлыг шалгажээ

Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “HKB” ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр МХЕГ-аас шалгалт хийжээ.

Орчны бохирдол, аюултай болон ахуйн хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, газар, байгалийн баялаг ашиглалт, орон нутгаас авч ажиллуулж байгаа ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ээлжийн болон илүү цагийн цалин хөлсний бодолт, олголт, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг асуудлыг хамруулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.

Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрснийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө.

Тус 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажилд орон нутгаас 69 иргэн ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ


URL: