ЭХЯ: Хамгаалалтын зурваст ААН, айл өрх бууснаар эрчим хүчинд эрсдэл учирч байна

ЭХЯ: Хамгаалалтын зурваст ААН, айл өрх бууснаар эрчим хүчинд эрсдэл учирч байна

Өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 15 цагаас хойш нийслэлийн дийлэнх байршилд болон Орхон, Сэлэнгэ, Дархан зэрэг хэд хэдэн аймагт цахилгаан тасарсан юм. Үүний шалтгаан шалтгаан болон ажлын хэсгийн дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас танилцууллаа.

Эрчим хүчний яам “Өчигдөр 15:28 цагийн орчим Гурвалжингийн гүүрний ойролцоо 29 дүгээр тулгуурт барилгын тугалган цаастай 13 метр урттай материал тохогдсоноор баазын хооронд богино залгаа үүссэн. Улмаар төвийн бүсийн зарим хэрэглэгчийн цахилгаан хязгаарлагдсан. Энэ нь хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ААН, айл өрхтэй холбоотой асуудал юм. Тэдэнд удаа дараа шаардлага хүргүүлж, арга хэмжээ авсаар байгаа нь энэ зөрчил даамжирсаар байна. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсаар байна. Хамгаалалтын зурваст 2019 онд 271 аж ахуй нэгж байсан бол 2020 онд 241 болгож бууруулсан. Айл өрхүүд 860 байсан нь 962 болж өссөн. Газар чөлөөлөлтийг хийдэг боловч дахин айл өрхүүд зөвшөөрөлгүй буудаг зөрчлүүд хэвээр байна. Тэгэхээр хамгаалалтын зурваст буух нь ямар хор уршигтайг анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

Диспетчерийн үндэсний төв “Агаарын шугамд богино залгаа үүссэнээр чадлын дутагдалд орсон. Тодруулбал, хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэргүй, нөөц бэлтгэл чадалгүй байдлаас энэ хүндрэл үүссэн. Цаашид бид шинээр эх үүсвэр барьж, өөрсдийн цахилгаан эрчим хүч, дулааныг бүрэн хангахаас гадна нөөц, бэлтгэл чадалтай байх хэрэгтэй. Ингэсэн цагт эрчим хүчний салбар бие даасан байдлыг бүрэн хангаж ажиллана” гэв.


URL: