Алдаа гаргасан ПРОКУРОРУУДАД ШИЙТГЭЛ оногдууллаа
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй эзнийг нь мэдээгүй байхад шинээр дахин гэрчилгээ гаргуулж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ авсан, мөн бусдын гарын үсгийг өмнөөс нь хуурамчаар зурж өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр хэрэг жил дамнан хууль хяналтын байгууллагаар шалгагдсан байдаг.
Энэ хэрэгт МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь бусдын өмч хөрөнгө завшсан байж болзошгүй гэх гомдлоор шалгагдсан бөгөөд түүний энэ хэрэгт нэр бүхий прокурорууд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байв. Улмаар УЕПГ-аас Д.Янжинхорлоод холбогдох хэргийг дахин хянаж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл дээрх хэрэгт нэр холбогдсон Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нарын прокуроруудыг мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг шалгаж дуусжээ.
Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр нэр бүхий прокурорууд алдаа гаргасан болох нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл оногдуулж, цалингийн хувь хасах арга хэмжээ авсан байна. Дашрамд сануулахад, дээрх хэрэгт Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат мөн нэр холбогдож байсан юм.
URL: