“Надаар дамжуулан Замын Үүдийн мафитай Засгийн Газар тэмцэхээ илэрхийлж байна”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд боомтод ажилласан билээ.
Улмаар, ХЗДХ-ийн сайдаар ахлуулж, АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсэг Замын-Үүд дэх ачаа тээврийн бөөгнөрөл, улс хоорондын ачаа тээвэр саатсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлахаар болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр “Бугшсан авлига, албан тушаалын хэргийг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах ажлыг эрх бүхий субъектүүд хийж байна. Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Авилгатай тэмцэх газраас мэдээллээ.
Эрээн боомтоос орж ирж байгаа тээврийн хэрэгслийг албан тушаалын давуу байдлаа ашиглаж, шан харамж авч оочер дайруулан оруулж ирсэн хүмүүсийг шалгахаар болсон. Дээрх зургаан алба хаагчаас гадна цаана нь байгаа хүмүүсийг ч мөн шалгана.
Замын Үүдийн мафи гэж ярьдаг зүйлтэй Засгийн Газар тэмцэхээ надаар дамжуулан илэрхийлж байна. Ер нь анхан болон дунд шатанд байгаа хүнд суртал, авлигатай бүх аргаар тэмцэх болно.
Гашуун Сухайт боомт дээр мөн ийм асуудал үүсэж байгаа талаар иргэдийн гомдол, мэдээлэл бий. Гааль, татвар, Мэргэжлийн хяналт, Хилийн шалган нэвтрүүлэх газруудтай холбоотой авлигын асуудлуудад хамтарсан ажлын хэсэг шалгалт хийхээр болсон.
Өчигдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн. Хэд хэдэн ариутгалын цэг нээхээр болсон.
Мөн долоодугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай.
Одоо шалгагдаж байгаа хүмүүсийг өнөөдөр гэм буруутай гэж зарлах нь тохиромжгүй. Хууль хяналтын байгууллага буруутай эсэхийг тогтооно” гэв.
URL: