О.Баасанхүү: ЗГ ковидоор нас барсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, уучлал гуйж, нөхөн төлбөр олгох ёстой
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ “Цар тахалтай холбоотой асуудлыг нэн түрүүнд тулгамдаж буй асуудлын судалгааг хийсэн. Эрүүл мэндийн салбар зөвлөлийг олон хоног ажиллууллаа.
Үүсээд байгаа нөхцөл байдал, эмнэлгийн ажилчдын цалин хөлс, ор, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал ямар байгаа талаар судалгаа гарсан. Энэ дагуу шаардлагыг Засгийн газар болон УИХ-д хүргүүлнэ” гэв.
АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Монгол Улсад КОВИД-19 өвчнөөр 2020 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 109,694 хүн өвчилж, халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Үндсэн хуулийн 16.2-д Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, 16.6-д эрүүл мэндээ хамгаалуулах эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн заасан байдаг. Энэ утгаараа цар тахалтай тэмцэх нь Засгийн газар бүх шатны төрийн албаны үүрэг юм. Гэвч одоогийн төр засаг нь цар тахалтай хийсэн тэмцэлдээ бүрэн ялагдал хүлээсэн.
Олон удаагийн хөл хорио, вакцинжуулалт нь үр дүнгүй. ААН, байгууллагуудыг туйлдуулсан гэнэтийн шийдвэрүүд иргэдийг төөрөгдүүлсэн хэт нэг талыг баримталсан хэвлэл мэдээллийн тархи угаалт зэрэг нь төр засагт итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж цар тахал тархах анхдагч шалтгаан болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 23-нд олон нийтийн өмнө вакцин тариулж, иргэдийг вакциндаа хамрагдахыг уриалсан. Гэтэл бодит байдал дээр хугацаандаа вакцинаа төвлөрүүлж чадаагүй, улстөржсөн үйлдэл болох нь тодорхой болов.
Засгийн газар КОВИД-19 өвчнөөр нас барсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, уучлал гуйж, нөхөн төлбөр өгөх ёстой.
Сүүлийн үед МАН, Засгийн газрын зүгээс шударга дугарсан иргэдээ хавчин гадуурхах, мөрдөн мөшгих, шахан зайлуулах бодлогыг үе шаттайгаар хийж бид харамсаж байна. Цаашид эрх баригчид дураар аашилсан үйлдлээ зогсоохгүй, хэт түрэмгийлсэн бодлого явуулсаар байвал АН-ын зүгээс улс төрийн шат дараалсан арга хэмжээг Монгол орон даяар эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв
URL: