Сарын өмнө нас барсан өвчтөнд задлан хийхэд “Дельта+” хувилбар илэрчээ
Энэтхэгийн Мадхья Прадеш мужид тавдугаар сарын 23-нд корнавирусний халдварын улмаас нас барсан өвчтөний цогцост задлан шинжилгээ хийж, вирусний генийн дарааллыг судлахад “Дельта+” хувилбар илэрчээ.
“The Economic Times” хэвлэлд мэдээлснээр, коронавирусний “Дельта+” хувилбараар нас барсан анхны батлагдсан тохиолдол байх магадлалтай гэж мужийн эрх баригчид үзэж байна. Одоогийн байдлаар, тус мужид энэ хувилбараар халдварласан таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрчээ. Тэд бүгд вакцин хийлгэсэн байсан бол нас барсан эмэгтэй вакцин хийлгээгүй байсан. Тиймээс вакцин хийлгэх нь туйлын чухал байна гэж тус мужийн Эрүүл мэндийн сайд Вишвас Саранг онцолжээ.
Энэтхэгийн “NDTV” телевизийн мэдээлснээр, тус улсад “Дельта+” хувилбараар халдварласан нийт 40 орчим тохиолдол бүртгэгдээд байна.
Анх Энэтхэг улсад бүртгэгдэж, “Дельта” гэсэн албан ёсны нэршил аваад буй коронавирусний хувилбар дахин мутацад орж, “Дельта+” омгийг үүсгээд байгаа юм. Энэ шинэ омог өмнөх хувилбараас ч илүү халдвартай гэж үзэж байна.
URL: