Нэг бүр нь 5000 төгрөгийн үнэтэй 150 мянган ширхэг медаль Хятадад хийлгэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг медаль нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба медалийн тэмдэг болох доод хэсэг нь 4 зүг, 8 зовхисыг илэрхийлсэн 8 оройтой, нарны цацраг хэлбэртэй, цацрагийн гол хэсэг дэх “100” гэсэн тооны голд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг шаргалаар, “1921-2021” гэсэн тоог алтан шаргал туузан дээр цагаанаар бичсэн байна.
Медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох ба медаль нэг бүрийн үнэ 5000 төгрөг бөгөөд нийт 150 мянган ширхэгийг хийлгэнэ.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар уг медалийг БНХАУ-ын Эрээн хотод хийлгэх аж.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/peconomy/122497
URL: