Ж.Сүхбаатар: Засгийн газрын менежмент бүтэлгүйтсэн, зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон
КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Цар тахлын нэг удаагийн хуулийн хугацаа долдугаар сарын 1-нээр дуусгавар болж буй билээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын даргад хандаж нэг зүйл хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 482 иргэн цар тахлын улмаас нас бараад байна. Тэдгээр хүмүүсийн Монгол Улсын парламент хүндэтгэл үзүүлэхгүй юм уу.
Хоёрдугаарт, иргэд өвдөөд хэцүү байна, эм авч чадахгүй байна, өрхийн эмнэлэг эмгүй гэж байна, хэнд хандах вэ гэсэн мессэжүүд ирж байна.
Энэ хуулийн хугацааг сунгахыг дэмжихгүй байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газрын менежмент бүтэлгүйтсэн. Солонгос 50 сая хүнтэй хэр нь өнөөдөр 200 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон.
Одоо энэ хуулийг хугацаагүй сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Өмнө нь нэг удаа сунгасан хуулийн хугацаа долдугаар сарын 1-нд автоматаар дуусна. Үүнийг сунгахгүй, Засгийн газар шинэ хууль оруулж ирэх ёстой. Хууль зүйн хувьд үүнд маш их асуудал байна. Бид хүний эрүүл мэндийг аврах гэж байна гээд хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Хуулийн үйлчлэх хугацааг нэг л удаа сунгана гэж заасан байгаа. Үүний учир нь ард түмнийг төлөөлөх эрх нэг жилээс илүү Засгийн газарт шилжиж болохгүйд байгаа юм” гэв.
URL: