Хятад вакцинаар дархлаажуулсан орнуудад халдварын тоо өссөөр байна

203052465_1160494584425050_796954176241207764_nКоста Рика Хятадын Синовак вакцинаас татгалзаж буйгаа мэдэгджээ. Коста Рикагийн Вакцинжуулалт, эпидемиологийн үндэсний комиссоос  (NCVE) өнгөрсөн лхагва гарагт хятад  вакцины үр дүн муу байгаа учраас  үйлдвэрлэгч Синовак компанитай хийсэн хэлэлцээрийг цуцлахаар болсон тухай мэдээлсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Синовакийн вакцин  халдвараас  урьдчилан сэргийлэхэд 50.7 хувийн үр дүнтэй байгаа нь  барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинаас бараг хоёр дахин сул үйлчилгээтэй байгаа аж. Коста Рика  өнгөрсөн дөрөвдүгээр сард  60 хувиас дээш  үр дүнтэй вакциныг дотооддоо хэрэглэхээр зөвшөөрөл олгосон. Гэхдээ тус улсыг Хятадын вакцинаас татгалзахад хүргэсэн бас нэг хүчин зүйл нь вакцины үр дүнгийн талаар талаар ямар ч мэдээлэл хэвлэгдээгүй нь гэдгийг тус улсын Вакцины мэргэжилтэн Роберто Арроба Тижерино онцолжээ. Бразилд 12 мянган хүний дунд явуулсан туршилтаар Синовакийн вакцин нь  шинж тэмдгийн  эсрэг 50.7 хувь, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэмжээний болж  хүндрэхээс 100 хувь хамгаалж буй нь тогтоогдсон.

Гэхдээ туршилт явуулсан улсаасаа шалтгаалж өөр өөр дүн үзүүлж байгаа юм. Тухайлбал, Туркт явуулсан туршилтаар Синовакийн вакцин  шинж тэмдгийн шинжтэй “КОВИД-19”-өөс урьдчилан сэргийлэхэд 83.5 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон. Харин Индонезийн нийслэл Жакарта хотод  128 мянган эрүүл мэндийн ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар  94 хувийн үр дүнтэй байжээ. Харин Чилид явуулсан судалгаагаар төдийлөн үр дүн үзүүлээгүй байна. Хэдийгээр тус улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж, 93 орчим хувь нь Синовакийг тариулсан ч Чилид  өвчний тохиолдол өссөөр байгаа юм. “Insider”-ийн мэдээлж байгаагаар Бахрейн, Сейшелийн арлууд, Монгол гэсэн гурван улс Синофармыг өргөнөөр хэрэглэж, хүн амынхаа олонхыг уг вакцинд хамруулсан ч  халдварын тохиолдол өссөөр байгаа аж. Хүн амаа вакцинжуулсан байдлаараа дэлхийд тэргүүлж буй  Сейшелийн арлууд “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол эрс өсөж, өдөрт бүртгэгдэж буй халдварын тоог нэг хүнд харьцуулсан байдлаараа Энэтхэгийн өмнө бичигдэхээр байгаа тухай “The Wall Street Journal” мэдээлжээ. Одоогийн байдлаар Сейшелийн арлуудын нийт хүн амын 67 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаад  байгаа бөгөөд иргэдийн олонх нь Хятадын Синофарм вакцин хийлгэсэн бол үлдсэн хэсэг нь “AstraZeneca”-гийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Ковишиелдийг тариулжээ. Гэхдээ арлын улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь вакцинаа бүрэн хийлгэсэн хүмүүс байгаа аж. Одоогоор дэлхийн 95 улс хятад вакциныг хэрэглэж байгаа аж. БНХАУ зөвхөн энэ сард гэхэд 272 сая тун вакцин  нийлүүлсэн байна.  Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Кирбигийн хүрээлэнгийн био аюулгүй байдлын хөтөлбөрийн тэргүүн Раина Макинтайр “Эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд  өндөр үр дүнтэй вакцин ашиглах нь чухал юм. Үгүй бол хүн төрөлхтөн энэ өвчнөөр удаан хугацаанд өвчилсөөр байх болно” гэдгийг онцолсон байна.

Израилийн ард иргэдийн дунд “КОВИД-19”-ийн эсрэг сүргийн дархлаа тогтоод байгаа юм. Энэ сарын эхээр тус улсын нийт хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсан бөгөөд өдөрт  илэрч буй халдварын 15 орчим болж буурсаар сүүлийн өдрүүдэд огт бүртгэгдэхгүй байна. Израиль барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинуудыг ашигласан. Израилийн жишээнээс харахад бусад улс орнууд ижил төстэй дархлаажуулалтаар сүргийн дархлааг олж авах боломжтой гэдгийг  шинжээчид  анхааруулж байна.  “Модерна” болон  Файзерын вакцин нь  mRNA технологид суурилсан байдаг бол Синовак, Синафармын вакцин нэг төрлийн идэвхгүйжүүлсэн вирус юм. Энэ нь харьцангуй  хуучны технологи билээ. БНХАУ Синофармын вакциныг “КОВИД-19”-ийн эсрэг  79 хувийн үр дүнтэй хэмээсэн. Гэхдээ энэ судалгаанд 60-аас доош насны хүмүүс, дунджаар 31 орчим насны эрэгтэй голдуу хүмүүсийг хамруулсан тул анхааруулах зүйл их байгаа юм. Вакцины шинжээч, доктор Ким Мулхолланд “Нью-Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Сейшелийн арлуудад явуулсан судалгаанаас үзэхэд Синофарм вакцины үр дүн 50 орчим хувьтай байна” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: