Эмийн сангууд “Арбидол”-ын үнийг нугалж зарсан нь тогтоогджээ
Халдварын тоо хоногт 2000 давж, 10 гаруй хүн аюулт өвчнөөр нас барах үзэгдэл лав сүүлийн арваад хоног давтагдаж, халдвар авсан тоогоороо хөрш Хятад улсын өмнө Монгол улс ороод байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын 93551 тохиолдол бүртгэгдэж, 436 хүн нас баржээ. Тэгвэл халдвар авсан нэг хүн дунджаар 250 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаагийн дийлэнх нь вирусын эсрэг эмэнд зарцуулдагдаж буй. Гэвч эмийн сангууд вирусын эсрэг “Арбидол” эмийг хэтэрхий үнэтэй борлуулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөсөнтэй холбогдуулан аудитын байгууллагаас шалгалт хийсэн байна.
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, Монос эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Аудитын байгууллагийн мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15480 төгрөг байх ёстой аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ.
URL: