Криштиану Роналду Португал үхлийн хэсгийн анхны хожлоороо түүх бүтээв

Криштиану Роналду түүх бүтээж, Португал үхлийн хэсгийн анхны хожлоо байгуулав

Португалийн супер од Криштиану Роналду шүгэл дуугарахаас найман минутын өмнө хоёр гоол оруулж, Европын аварга шалгаруулах тэмцээний бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тамирчин болж, түүх бүтээлээ. Португалийн шигшээ баг Унгарийн шигшээ багийн шигүү хамгаалалтыг 82 дахь минутад нэвтэлж, 3:0 харьцаатайгаар хожиж, үхлийн хэсгийн анхны хожлоо байгуулав.

Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон буюу есөн гоол оруулж байсан Францын хөлбөмбөгч Мишел Платинигийн амжилтыг 36 настай Роналду 11 болгож үргэлжлүүллээ.

Түүнчлэн Роналду таван удаа Европийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон цор ганц хөлбөмбөгч болж бас нэг түүхэн амжилтыг тогтоолоо. Тэрбээр анх 2004 онд 19 настайдаа Португалийн шигшээ багийн гараанд гарч, Европийн аваргад тоглосноос хойш ийнхүү тав дахь Европийн аваргын тэмцээндээ оролцлоо. 2016 онд Португал Францыг хожиж анх удаа Европын аварга баг болсон билээ.

Цар тахлын улмаас цэнгэлдэхүүд бүтэн дүүргэлттэй тоглолт хийхгүй байсан бөгөөд Будапешт хотод болсон Унгар- Португалийн тоглолтыг цэнгэлдэх дүүрэн 55622 хөгжөөн дэмжигч үзлээ. Гадаадаас ирсэн хөгжөөн дэмжигчид ковидын шинжилгээ өгч, дотоодын фэнүүд нь вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлэх зэрэг шаардлагаар үзэгчдийг цэнгэлдэх рүү нэвтрүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Унгарт ковидын 782 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн нас барсан байна.


URL: