Сайжруулсан түлшний хэрэглээ, үнэд иргэдийн сэтгэл ханамж өндөр байна

38or5phzНийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын захиалгаар сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний Корпорэйт трейнинг ХХК “Сайжруулсан түлшний хэрэглээний сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 85.3 хувь буюу 10 иргэн тутмын найм нь сайжруулсан түлшийг “сэтгэл ханамж өндөр” гэж хариулжээ. 2 жилийн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад энэ үзүүлэлт 41.6 хувиар өссөн бол “түүхий нүүрснээс ялгаагүй” гэсэн хариулт 24.8 хувиар, “сэтгэл ханамжгүй” гэсэн хариулт 19.1 хувиар буурсан байна.

Судалгааны үр дүнг 6 бүлэг үзүүлэлт, 5 оноогоор дүгнэсэн ба сайжруулсан түлшний хэрэглээний сэтгэл ханамжийн дундаж оноо 3.7 нэгж буюу 74 орчим хувьтай байна. Энэ нь сайжруулсан түлшинд 4 иргэн тутмын 3 нь сэтгэл ханамж өндөр байгааг илэрхийлж байгаа ба маш сайн үр дүн юм. Судалгааны дүнгээс шуудай түлшний хямдарсан үнэ /3.6 нэгж/, илчлэг чанар /4.2 нэгж/, түгээлт /3.6 нэгж/, нөөц, хангамж /3.5 нэгж/, борлуулалтын цэгийн хүртээмж /3.8 нэгж/ агаарын бохирдол буурсан /4.3 нэгж/, төр, засгийн газраас гарсан шийдвэрүүд /4,1 нэгж/ зэрэг үзүүлэлт хамгийн өндөр сэтгэл ханамжтай байна. Харин сайжруулсан түлшний аюулгүй байдал /2.9 нэгж/,  зөвлөгөө мэдээлэл /3.0 нэгж/, үнэр ихтэй байдал /3.0 нэгж/, үнс их гардаг /2.3 нэгж / зэрэг шалтгаан нь сэтгэл ханамж доогуур байх үндсэн хүчин зүйл болж байна.

Иймд цаашид сайжруулсан түлш хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, үнсний хэмжээ, эвгүй үнэрийг багасгах, зөвлөгөө мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.


URL: