Сургууль, цэцэрлэгийн эмч нар, анагаахын төгсөх курсын оюутнуудыг дайчлах саналыг ЗГ-ын хуралдаанд оруулна

Нийслэлчүүдийн 79.7 хувь нь бүрэн тунд хамрагджээ

Коронавируст халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа талаар салбар яам болон эмнэлгүүдийн зүгээс мэдээлээд буй.

Тиймээс хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлах асуудалд хөндөгдсөн.
Тэгвэл уг асуудлыг судалж буй бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн, Засгийн газарт санал оруулахаар болсон талаар УОК-оос мэдээллээ.
Өнгөрсөн бямба гарагт нийслэлийн хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өргөтгөсөн уулзалт хийсэн. Энэ үеэр цар тахлын халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг дагаад хүнд өвчтөнүүд ихсэж буй нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Ковид-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргаж байсан юм.
Мөн бүтэн жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцсэн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал ч хомсдолд орж байгаа учраас резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг татан оролцуулах зэргээр хүн хүчний асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан.


URL: