Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобус ажиллаж эхэлжээ

Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобус ажиллаж эхэлжээ

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн.

Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобуснуудыг ашиглахаар болсон байна.
Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд өчигдрөөс нэмэлтээр ажиллаж эхэллээ.
Энэхүү явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм.
Өчигдрийн байдлаар дүүргүүдэд нийт 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж буй. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.


URL: