Хан-Уул дүүргийн иргэн: Яндангаа аваад өрхөө татчихсан чинь угаартчихсан байсан

Хан-Уул дүүргийн иргэн: Яндангаа аваад өрхөө татчихсан чинь угаартчихсан байсан

Сүүлийн үед бороо хур элбэгшиж, харьцангуй сэрүүн байгаагаас гэрт амьдардаг иргэд гал түлж, зуухныхаа яндангаа авч, өрхөө битүү татсаны улмаас угаартаж амиа алдсан харамсалтай тохиолдол тасрахгүй байгаа юм. Зөвхөн Улаанбаатарт гэхэд гурван хоногт өрхөө битүүлсний улмаас угаартаж амь насаа алдсан тохиолдол найман удаа гарсан байна. Манай сурвалжлагч, нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны иргэн Н-тэй уулзаж хариулт авлаа. Тэрбээр энэ сарын 8-нд гэртээ, насанд хүрээгүй хүүхдүүдтэйгээ байхдаа угаартаж, эмнэлгийн тусламж аван, амь насаа авруулж чаджээ.

-Сайн байна уу, Таныг энэ сарын 8-нд гэртээ угаартсан гэж сонслоо. Энэ талаар тодруулах гэсэн юм. Таны бие гайгүй болж байна уу?

-Өдөр 12.00 цагийн үед гэр сэрүүхэн болчихлоор нь гал түлсэн юм. Зуухандаа сайжруулсан түлш түлсэн. Ингээд хоёр цаг орчмын дараа шатаад дууссан байх гэж бодоод яндангаа зуухнаасаа салгаад өрхөө бүтээчхээд хэсэг амарсан юм. Өрхөө бүтээгээд цаг гаруй хугацаа л өнгөрсөн гэхээр 15.00 цагийн үед хоёр хүүхэдтэйгээ тоглож, ойр зуурхан юм хийж байсан ч хамаг бие хүндрээд юу ч хиймээргүй, унтмаар санагдаад байсан учир “хэсэг амраая” гэж бодоод хүүхдүүдээ унтуулсан. Өөрөө ч бас унтчихсан байсан. Гэнэт том маань таталт өгөөд сэрэхэд, бага нь бас таталт өгч, дөрвөн мөч нь мод шиг болчихсон, шүд нь зуураад тэгсэн атлаа өндийж босоод ирсэн. Маш их сандраад шууд 103-руу залгаж дуудлага өгөхөд, “танай хүүхэд угаартсан байна” гэсэн.

-Аюултай зүйл болох дөхөж шүү, том хүнээс хүүхдүүд түрүүлж угаартдаг юм байна шүү дээ?

-Яг тэгдэг юм байна. Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй учир санаанд орсонгүй. Тэгээд өдөр болохоор бүүр ч санаанд орсонгүй, хэцүү юм болох шахлаа.

-Ингэхэд танай гэрт угаарын хий мэдрэгч байсан уу?

-Байлгүй яах вэ. Дулаараад нэг их хэрэглэхгүй байгаа болохоор батарей нь дуусчихлаар нь солиогүй болохоор ажиллахгүй байсан юм.

-Маш хариуцлагагүй зүйл болох шахсан байна шүү дээ. Ингэхэд тэр батарейг нь хэрхэн цэнэглэдэг юм бол. Яагаад солиулаагүй байсан юм бэ?

-Манайх угаарын хий мэдрэгч тавиулаад удаагүй болохоор батарейг нь дууссанг мэдсэн ч одоо дулаарсан нэг их гал түлэхгүй юм чинь гайгүй байх гэж бодоод цэнэглүүлээгүй байсан маань алдаа боллоо.

-Магадгүй хороо, дүүргээс цэнэглэж өгөх ёстой гэж хүлээсэн юм болов уу.Энэ талаар өмнө асууж байсан уу, хэсгийн ахлагчаасаа ч юм уу?

-Асууж байсан. Өөрсдөө худалдаж авч солих ёстой юм байна лээ. Хоёр сар бүтэн цэнэгтэй ажиллаж байсан юм. Цэнэг нь дуусахаараа гэрэл нь анивчихаа байчихдаг юм байна гэж бодож байсан ч нэг мөсөн намар хүйтрэхээр цэнэглүүлье эгж бодож байгаад аюултай юм болох шахлаа.

-Таны бие гайгүй юу, бие давхар юм байна шүү дээ?

-Өчигдөр зүрх дэлсээд тавгүй байсан болохоор өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Одоо тайвшраад гайгүй байгаа.

-Танай хүүхдүүд хэдэн настай юм бэ?

-2-5 настай.

-Галаа зогссоны дараа зуухнаасаа яндангаа салгаж, өрхөө бүтээсэн юм байна шүү дээ. Ямар нэгэн үнэр үнэртэж мэдэгдээгүй юу?

-Манайх сайжруулсан түлш түлсэн байсан. Ердөөсөө үнэр танар байгаагүй. Утаа ч гараагүй байж байгаад л гэнэт нойр хүрээд босоод ирсэн чинь хүүхдүүд татсан байдалтай байсан. Тэгээд 103-руу тусламж хүсэн яриад угаартсаныг мэдсэн. Утсаар яриад 20-30 минутын дараа эмнэлгийн тусламж авсан. Утсаар ярихад 103-ын эмч, хүүхдүүдийнхээ хувцсыг тайлаад бүлээн усанд оруулаад байж байгаарай гэсний дагуу хоёр хүүхдийнхээ толгой, гар, хөлийг нь бүлээн усаар угаасан. Энэ угаалтын дараа хүүхдийн таталтж багасаад ирсэн. Татахаас өөр ямар ч зовиур байхгүй байсан болохоор маш их сандарч, айсан. Миний хувьд бие давхар болохоор зүрх дэлсэж, сандарч байсан. Түүнээс таталт өгөөгүй. Хажуу айлын эгч орж ирэн надад тусалж байсан. Ингээд дуудлагын эмч орж ирээд бид гурвыг угаартсан байна гэж оношилж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

-Болгоомжгүй юм болжээ. Яндангаа авч, өрхөө татахаар их бороо орж байсан юм болов уу?

-Уг нь бид нартай хамт манай дүү байсан юм. Бороо их ороод яндан дагаж борооны ус асгараад байхаар нь өрхөө битүү татчихъя гээд дүүгээрээ яндангаа авахуулаад өрхөө татуулчихсан юм. Уг нь шахмал түлш угаартуулж магадгүй гэж мэдэж байсан ч шатаад дуусчихсан байх гэж бодсон маань маш том алдаа гаргах шахлаа.

-Ядаж байхад угаар мэдрэгч нь ажиллаагүй байдаг?

-Харин тийм ээ, манайх угаар мэдрэгч тавиулснаас хойш ажиллаж мэдэгддэггүй, ногоон гэрэл нь хааяа анивалзаж байгаа л харагддаг байсан юм. Тиймээс батарей нь дууссан ч анзаарахгүй байж байгаад аюул боллоо. Хэрэв батарей нь ажиллаж байсан бол маш чанга дуугардаг гэж хүмүүс ярьж байна лээ.

Сэтгүүлч Г.Гэрэл


URL: