НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.

Чуулганы хуралдаанд 61 гишүүн оролцсоноос 43 нь дэмжлээ.

Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан.

Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд НДШ-ийг 2 хувиар бууруулахаар тусгасан. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна.

Хуулийн төсөл 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ.


URL: