У.Хүрэлсүх сонгуулийн ялалтаа урьдчилан зарлалаа

1000x-1_1Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр У.Хүрэлсүх авсан саналынхаа тоогоор тэргүүллээ. Ийнхүү Монгол Ардын намаас нэр дэвшигч 2027 оныг хүртэлх зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болж байна.

Нийт хэсгийн хороодын 99.7 хувьд санал тоолох машинаар тоолсон дүнг нэгтгээд байгаа аж. Нэгтгэсэн мэдээллээс харахад Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 68 хувийн саналтайгаар илт давуу ялахаар байна. Өөрөөр хэлбэл саналын үлдсэн дүнг эсрэг талд тооцсон ч У.Хүрэлсүхийн дүн өөрчлөгдөхөөргүй байгаа юм. Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн бага ирцтэй сонгууль боллоо. Нөгөө талаас энэ сонгуулийн ялагч хамгийн өндөр хувьтай саналаар ялсан тохиолдол болж байна. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх саналыг гараар тоолж баталгаажуулах юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийнэ.

Саналын нэгтгэлийг урьдчилсан байдлаар танилцуулснаар У.Хүрэлсүх өөрийн ялалтыг урьдчилан зарласан юм. Тэрбээр “Иргэд маань намайг илүү ихийг бүтээж, эхэлсэн ажлаа дуусгаасай гэсний үүднээс сонголоо гэж ойлгож байгаа” хэмээн мэдэгдлээ.

Харин өрсөлдөгч нам, эвслийн сонгуулийн штабаас хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Харин нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа өөрийн “Twitter” хуудаст жиргэжээ. Тэрбээр “Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн” гэж мэдэгджээ.

Нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд цагаан сонголтоос ч цөөн санал авсан байна. Тэрбээр жиргээндээ “Асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхсөдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой!” гэж дурджээ.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: