Л.Оюун-Эрдэнэ: Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг Чингис хаан нисэх буудал руу шилжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замын ажлыг долоодугаар сарын 4-н гэхэд эхлүүлэх хэрэгтэй. Яриад яваад байдгаа болих хэрэгтэй. Ингэхдээ хувийн хэвшлүүдтэй хамтарч, логистикийн төвүүдийг нээх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын ажилд Японы талд давуу эрх олгох хэрэгтэй.
Долоодугаар сарын 04-нд ирэхэд бүх ажил зохион байгуулагдсан байх ёстой. Асуудал гарвал Засгийн газрын хуралдаанаар шуурхай оруулж шийдвэрлэх хэрэгтэй.
Баяр наадмаар Монголыг зорин ирэх жуулчдын боломжийг хангана. Вакцинд хамрагдсан иргэдийг хүлээж авна. Шаардлагатай бол Монгол улсад ирээд вакцинд хамрагдаад тусгаарлагдаж болно. Долоодугаар сарын 4 гэдэг хугацааг олон улсад зарлах хэрэгтэй.
Долоодугаар сарын 4-нөөс эхлэн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах шаардлагатай. Шаардлагатай бол Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бий болгоно.
Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хууль өргөн барих хэрэгтэй. Үүнд ИНЕГ-ын удирдлагууд саналаа өгөх хэрэгтэй.
Шинэ нисэх буудал дээр Шуурхай удирдлагын төв байгуулсан 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр байгаа агаарын хөлгүүдийг шинэ нисэх онгоцны буудал руу туршилтын нислэг хийлгэнэ. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг шинэ буудалд газардуулахаар болсон. Долоодугаар сарын 4-нөөс Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг Чингис хаан нисэх буудал руу шилжүүлнэ.
URL: