Н.Жокович, Р.Надаль нар Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд тулна
Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын шатны тоглолтууд өчигдөр дуусаж хагас шигшээн оноолтууд тодорлоо.
Шөвгийн наймд Италийн Маттео Берреттиниг ялсан Новак Жокович аварга, Аргентины Диего Шварцмэнийг ялсан Рафаэл Надаль аваргууд хагас шигшээд тулахаар болсон нь тэмцээний оргил тоглолт байх болно.
Элстэй талбайн “эзэн хаан”, нийт 20 удаагийн их дуулгад түрүүлж байсан 35 настай Испани эр Надаль Францын нээлттэй тэмцээнд хамгийн олон удаа буюу 13 удаа түрүүлж байсан.
Харин 18 удаагийн их дуулгын аварга 34 настай, Сербийн Новак Жокович Францын нээлттэй тэмцээнд нэг л удаа түрүүлж байсан.
Хоёр аварга хоорондоо нийт 57 удаа тулснаас 29-д Жокович, 28-д нь Надаль ялсан ба энэ удаа 58 дахь удаагийн учраанд хэн ялах нь сонирхол татаж байна.
Тэдний ялсан нь финалд Грекийн залуу од Стефанос Циципас (22 настай), Германы залуу тамирчин Александер Зверев (24 настай) нарын ялсантай тоглоно.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд:
Барбора Кречикова (Чех) – Мариа Саккари (Грек)
Анастасиа Павлюченкова (ОХУ) – Тамара Зиданшек (Словени)
URL: