А.Бүрэнбаатар: Мэтгэлцээнийг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар ярилцаж байна

 

МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зургаадугаар сарын 7-нд буюу өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Гэвч Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ажлаар орон нутагт явж байхдаа коронавирусийн халдвар авсан бөгөөд одоогийн байдлаар Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр товлогдсон мэтгэлцээн болох эсэх болбол ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар “Мэтгэлцээнийг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Зөв хүн электорат эвслээс мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан. Тус саналыг судалж үзэж байна. Хэрэв мэтгэлцээнийг цахимаар явуулсан тохиолдолд хэрхэн зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Өнөөдөр үдээс өмнө намын төлөөллүүдтэй уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Эцсийн шийдвэр гарсны дараа манай телевизийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийнэ” гэв.


URL: