Эс оршихуйн айдсыг АН-ынхан өөрсөд дээрээ дуудав

162272366560b8cc514dfb2УИХ хуралдахгүй, улс төр Ерөнхийлөгчийн сонгуулиар бялуурчихсан энэ үед АН-ынхан  иргэдийнхээ улстөрөөр цангасан уйдааг дундалж байх шиг байна даа.

Өчигдөр АН-тай холбоотой хоёр ч мэдээлэл чих дэлссэн.  Эхнийх нь Нийслэлийн АН-ын дарга баатар Э.Бат-Үүл жагсаал зохион байгууллаа. Энэ долоо хоногийн Даваа гарагт тэрбээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтыг хэрхэн шалгасан асуудлаар АН гомдол гаргасан. Гэтэл ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохирогчгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан. Нийслэлийн АН-ыг ингэж доош нь хийж байгаатай эвлэрэхгүй, үзэж  таарч үсэрч наалдана гэдгээ мэдэгдэж байв. Үүний угтал болгож зургадугаар сарын 3-нд жагсаал зохион байгуулна гэсэн нь энэ бололтой. Жагсаал ч моодноос гарч дээ, тоож тойглож байгаа хүн бараг л харагдсангүй.

Хоёр дахь нь АН-ын дансыг хаасан гэх мэдээлэл байв. АН-ын дарга М.Тулгат өчигдөр “Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа. Хариуцлагатай үед данс хааж, хүнд байдалд оруулж байна” гэсэн мэдэгдлийг хийлээ. Харин ямар учир шалтгаанаар хаасан нь тодорхойгүй байгаа аж.

Тиймээс төв талбайд жагсаал хийж, УИХ-ын дарга Ш.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр болсон аж. Унасан бөхөд шалтаг олон гэгчээр Занданшатар л данс хаалгаад явж байв гэж. Банкы л ажил байж таарах байх.

Ходоод хагаравч тогоон дотроо гэж үг бий. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон хариуцлагатай цаг үед АН-ын дотор цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарч, хоёр хуваагдан манай, танайдаа тулсан. Намынх нь нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй энэ үед ч эмээлийн хоёр бүүрэг шиг эгцэлж хараагүй хэвээр байна. С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь О.Цогтгэрэл даргатай УИХ-ын гишүүд голдуу АН-ын үр садад огтхон ч хүртээлгүй байна. Зарим аймагт АН-ын сонгуулийн штаб ч байгуулагдсангүй.  АН-ын хувьд энэ бол танил зураглал. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын дарга Р.Гончигдорж  намынхаа нэр дэвшигч М.Энхсайханы эсрэг яг иймэрхүү маягаар ажиллаж, цаагуураа Н.Энхбаярын ялалтыг дэмжиж байсан удаатай. М.Энхсайханд намын дэмжлэг байгаагүй. Тэр үед тус намын лидерүүдийн тоглолт, эвслийн задрал АН-д ялагдал талцлаас өөр юу ч авчраагүй юм даг. 2021 онд тэд энэ л замаараа галгиулж явна.

С.Зориг  агсаны хөшөөний дэргэд хийсэн мэдээллийнхээ үеэр Э.Бат-Үүл “Одоо АН-ын оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудлыг хууль тогтоох нэгж, УИХ-ын дарга нь манлайлан ярьж байгааг тэвчихгүй” гээд үүнийг нэг намын дарангуйлал тогтоох хэлбэр гэж харж байна гэж тодотголоо.

Өчигдөр /2021.06.03/ АН-ын шаардлагад хариу өгөх УИХ-ын ажлын хэсэг хуралдсан. Энэ ажлын хэсгийг улс төрийн нөхцөл байдлын улмаас холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэйгээр  УИХ-ын даргын 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн захирамжаар байгуулсныг санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхэд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар АН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн ч  СЕХ-ноос С.Эрдэнийг бүртгэсэн юм.Үүнтэй холбоотойгоор Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан. Иймээс тухайн асуудлыг шалгаж тодруулах зорилгоор  Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газраас лавлагаа мэдээлэл ирүүлснийг хэлэлцсэн юм.  Ажлын хэсэг өнөөг хүртэл хуралдаагүй байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн шахалт шаардлагаар өчигдөр хуралдсан.

Энэ хурлаар АН-ын оршин тогтнох тухай огтхон ч яриагүй, ярих ч учиргүй. Гэвч айсан хүнд аргал хөдөлдөг гэгчээр Үүл дарга тэндээс сандарч тэвдэн мэдээлэл хийв.

АН нэг иймэрхүү тулга тойрсон хэрүүл маргаанаар л голоо зогоож оршин байгаа гэдгээ мэдрүүлдэг болжээ. Улс орны нөлөө бүхий нам гэсэн имиж илэрхийллээ хэдийнэ алдаж, төлөвшиж чадаагүй, төвхнөж амжаагүй гэдгээ дахин дахин харуулсаар байна.

Уг нь энэ нам хүчирхэг, зангарагтай, засаглаж чаддаг байвал Монголд л хэрэгтэй юм сан.

Г.Хантулга

http://www.toim.mn/article/24b5g74g


URL:

Tags: