Конгод галт уул дэлбэрсний дараа хагас сая хүн ундны усгүй болжээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Нирагонго галт уул дэлбэрсний дараа бараг 500 мянган хүн ундны цэвэр усгүй болоод байгааг “MSF” хүмүүнлэгийн байгууллага мэдээлжээ. Тус улсын Гома хотын ойролцоо байдаг Нирагонго галт уул өнгөрөгч 5 дугаар сарын 22-нд дэлбэрэх үед хотын усны нөөцлүүр болон хоолой эвдэрч гэмтсэн байна. Тус бүсэд холер өвчин буюу булчин задрах тахал өргөн тархсан учир хотын иргэдийг ундны усаар хангах зайлшгүй шаардлага үүсээд байгааг идэвхтнүүд онцолж байгаа юм.
Одоогийн байдлаар Гома хотын хэдэн зуун мянган хүн гэртээ харих боломжгүй хэвээр байна. “MSF” байгууллагын Конго дахь төлөөлөгчийн газрын дарга Магали Рудаут “Ойролцоох Саке хотод 100,000-180,000 хүн сүм хийд, сургууль, гудамжинд цуглараад байгаа бөгөөд манай баг тэдэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Бид нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн яаралтай хэрэгцээг хангахаар хичээж байгаа хэдий ч энэ нь хангалтгүй байна. Тэдэнд туслахын тулд бусад хүмүүнлэгийн байгууллагаас яаралтай дэмжлэг үзүүлэхийг уриалж байна” хэмээн мэдэгджээ. Гома хотоос 10 км-ийн зайд орших Нирагонго галт уулын дэлбэрэлтийн улмаас 32 хүний амь үрэгдсэн гэж НҮБ-аас мэдээлсэн юм. Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох тус уулын дэлбэрэлтээс хойш олон чичирхийлэл мэдрэгдэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
URL: