Д.Энхбат Тайландын “хааны хот”-д тансаг байр авчээ
Тайландын эртний хотуудын нэг Хуа Хинийг Сингапурын Сентоза, БНСУ-ын Чэжу арал шиг амралтын газар гэхэд болно. Энэ хот Тайландын булангийн баруун эрэг, Малакагийн хойгийн хойд хэсэгт байрладаг. Бангкокоос 220 км орчим зайд байдаг.
Хуа Хинийг Тайландын хааны амралтын хот гэдэг байна. Тодруулбал, Хуа Хин хотыг амралтын бүс болгох эхлэлийг 1920-иод онд Сиамын хаан болсон ханхүү Вачиравудх тавьжээ. Тэрбээр хааны зуны байрыг Тайландын ордон (Мригадаяван ордон) барьсан бөгөөд хааны бүх гэр бүл амрах дуртай байжээ. Далайн эрэг дэх үзэсгэлэнтэй, үзэж харах зүйл ихтэй. Тэр утгаараа Хуа Хин бол өнөөдөр хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай болсон. Бас Тайландын бүх амралтын газраас хамгийн үнэтэйд тооцогддог. Тиймээс гудамж талбайд цэвэр байдал, дэг журам сахиулдаг. Түүнчлэн цагдаа олонтой тул аюулгүй байдлын түвшин хамгийн өндөр байдаг. Хуа Хиний нутаг дэвсгэр дээр жуулчдад зориулсан 400 гаруй зочид буудал бий.
Тэгвэд Монгол Улсын иргэн, “Датаком”-ын Д.Энхбат тус хотод гадаадын чинээлэг хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн байр худалдаж авчээ. Энэ байр охиных нь нэр дээр байдаг байна.
“Датаком” ХХК-иас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 (арван дөрвөн мянга) ам.доллар, мөн өдөр 18 000 (арван найман мянга) ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 6-нд 8700 (найман мянга долоон зуу) ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 (тавин мянга) ам.доллар, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 (арван таван мянга), 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 (арван таван мянга), нийт 120 700 (нэг зуун хорин мянга долоон зуу) ам.долларыг The residence Hua Hin 107/8. (Number-3108) Enkhbat утгаар Тайланд улс руу шилжүүлжээ.
Д.Энхбат энэ байрандаа гэр бүлийн хамт өвлийг өнгөрөөдөг гэдэг мэдээлэл бий. Тэрбээр Үндэсний хөгжлийн дэд сайдын албан тушаалаас буугаад 1994 онд “Датаком” (2061759) ХХК-ийг байгуулсан.
2004-2008 онд “Форум” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа “Датаком”-ын охин компани “ОНЭТ” (2101408) ХХК-ийг байгуулсан. 2007-2008 онд Монголын Иргэний Холбооны ерөнхийлөгч байхдаа “Мэйжикнэт” (2591685) ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, дээрх компаниудын 19, 30.06 хувийг тус тус эзэмшиж байсан. Бас “Цэнхэр гүзээлзгэнэ” (5286638) ХХК-д хүүхдүүдийн хамт хувь эзэмшиж байсан.
2007-2012 онд Монголын Ногоон Намын дарга байхдаа “Датаком” (2061769) ХХК-ийнхаа 86.29 хувийг эзэмших болсон. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Оюун, Даш.Зоригт, Ё.Отгонбаяр, Ч.Хашчулуун, Ч.Ганхуяг, П.Цагаан, Д.Жаргалсайхан нартай “Монголын эдийн засгийн форум” (8028257) НҮТББ-ыг байгуулсан.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
URL: