Капиталгүй КАПИТАЛИЗМ
Капиталгүй Капитализм гэхээр уншигч танд юу бодогдож байна. Британийн Эзэн хааны коллежийн Бизнесийн сургуулийн эдийн засгийн ухааны профессор Жонатан Хаскелийн ижил нэрт ном бий. Энэ хүн капиталгүй капитализм гэдгийг ирээдүйд эдийн засаг, бизнесийн капитал нь биет бус хөрөнгөд тулгуурлана гэж тодорхойлжээ. Энэ бүтээл нь ч дээрхийг дэлгэрүүлж тайлбарласан сайн бүтээл. Өдгөө бидний уриа хадаан хашхираад байгаа цахим засаглал гэх ойлголт ч “капиталгүй капитализм”-д хамаарна. Гэхдээ одоо бидний өгүүлэх сэдэв арай өөр. Социализм гэдгийг тулгандаа ноцооно гээд хүний бүтэн нийгмийг харайн байж орсон Монгол Улс капитализм гэх орхисон нийгмээ бүтээн байгуулаад 30 илүү жилийн нүүрийг үзжээ. Бид чухамдаа капитализм гээчийг бүтээж чадсан уу, ер нь бидэнд капитал гээч юм бий юу гэх асуулт гарч ирнэ.
Уриа солигдсон үе
Талбайд өлсөж, дараа нь төрд гарсан ардчилсан хувьсгалын он жилүүдийг үндсэндээ уриа солигдсон үе гэж товчоор тодорхойлж болно. Нам гэдэг бол төр юм. Төр нь бүхнийг өөр дээрээ овоолчихоод дахин хуваарилна. Хуваарилсан хэдийгээ тэгш эрх гэж ойлгоод хүний эрх гээчийг цулбууртаа атгаж байхыг хичээнэ. Хүн өмчтэй байж болохгүй, өвчтэй байх л юм бол нийгмийн тэгш байдал гаарна. Хувийн ашиг сонирхол бус улсын ашиг сонирхол чухал. Ийм л байлаа. Үнэндээ бидний байгуулах гээд байсан социализм бол Оросуудын тэр дундаа Сталины тархинд ургасан төсөөлөл байсан юм. Үнэн хэрэгтээ 1870-аад онд Германд үүссэн социализм гэх үзэл санаа анхны сонгодог утгаасаа тэс хөндлөн болсныг нь манайх бүр хазгай хуулчихсан хэрэг. Түүхийн хичээл, баримтат нэвтрүүлгээр энэ тухай хангалттай гардаг тул нуршсан тайлбараа хойш нь түлхье.
Капитализмын үндсэн хүчин зүйл нь хөрөнгө, түүнд тулгуурласан ажиллах хүч, чөлөөт зах зээл, компани, хамгийн гол нь хувь хний ашиг сонирхол байдаг юм. Ардын нам анх байгуулагдахдаа эрмэлзэж байсан бодит байдал дээрээ монголчууд бид эргээд очсон гэж тодорхойлоход гэмгүй. Харин бид уриа үгээ солихдоо социализмын бааз суурин дээрээ, үндсэн мораль дээрээ капитализм гэх уриаг цээж дүүрэн хашхирсан нь өнөөгийн монгол маягийн системийн шалтгаан нөхцөл болжээ.
Монгол маягийн капитализм
Уншигч та “Итали маягийн дээрэм” гэх киног нэг удаа ч болов үзэж байсан байх. Гари Грейн найруулж 2003 онд дэлгэцэд гарсан уг кинонд италичууд шиг дээрэм хийж буй америкуудын тухай гардаг. Мөнгө угаах итали дээрмийн аргыг хэрэглэн их хэмжээний мөнгө залилах гэж байгаа тухай өгүүлэх энэ киноны үндсэн жанжин шугамтай манай ардчилсан системийг адилтган дүгнэж болох талтай. Хэдийгээр 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал ялсан гэж дүгнэдэг ч яг үндсэндээ социализмын бааз суурь дээр ардчилал гэх шинэ нэр гарч ирсэн юм. Эрх баригч намаа татан буулгалгүй үзэл санаа өөрчилсөн төдийгөөр улс төрийн амьдрал өөрчлөгдсөн нь энэ бүгдийн илрэл. Эх газрын шинж чанартай хууль эрх зүйн тогтолцоотой манай улсад англо-саксоны хэв маяг зарим хуульд нэвт шингэх болов. Парламентын засаглалтай гэдэг ч, Ерөнхийлөгчид хагас эрх олгосон нь Франц шиг холимог засаглалыг төрүүлсэн. Хуулийн цоорхой гэдэг нь шинэ хуучин хоёр системээ нөхцөлдүүлж чадаагүйтэй холбоотой.
Энэ тухай Н.Жанцанноров хэлэхдээ “Ерөнхийлөгчийн байр суурийг тодорхойлохдоо сонгодог парламентын зарчмаар бус уламжлалт сэтгэлгээгээр хандаад эрх мэдэл өгчихсөн. Үүнээс болоод Үндсэн хуулиар заагалж өгсөн засаглалуудын нүүдлийг заажээ. Нэг ёсондоо морь ингэж нүүнэ, тэмээ ингэж нүүнэ, тэрэг ингэж нүүнэ гээд. Яг шатраа тоглоод эхэлсэн чинь тэмээ нь ноёны нүүдлээр, тэрэг нь бэрсийн нүүдлээр нүүгээд эхэлсэн” гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байв.
Нээрээ л бид институцийн хямралд орохуйц системтэй ард түмэн. Тиймээс бид капитализм байгуулахдаа капитал гэж юу вэ гэдгээ тодорхой болгоогүй юм. Угаасаа ч монгол түмэнд капитал гэх зүйл байсангүй. Морь мал, уул ус, өвөлжөө хаваржаа гэж явснаас бус капитал бүтээх гэж яваагүй аж. Өнөө цагт бий болоод манай газар, чиний газар гэж маргалдаад байгаа Улаанбаатар хотын ерөнхий төрхийг ОХУ болон БНХАУ-ын зурсан зургаар тодорхойлсон. Тэгэхээр манай капитал биш гэсэн үг. Тийм учраас бид капиталгүй, капиталд нэг их сүртэй хандаад байдаггүй ард түмэн. Улстөрчид нь ч чөлөөт зах зээл гэж байдаггүй юм гэж түс тас хэлээд сууж байх вэ дээ.
Гаднынханы тавьсан онош
Гаднынхан үүнийг Голланд өвчин, пост коммунист орнуудын хам шинж гэж олон янзаар тодорхойлсон. Нэгэнт капиталгүй учраас баялаг бүтээдэг, бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй болж таарна. Ийм хувь заяатай орнуудын адилаар Монгол Улсад одоогоор уул уурхайн салбараас өөр улсаа чирч байгаа салбар алга. Угаасаа байх боломжгүй байна. Түүхий эдийн ханш гаднын зах зээлд өсөж байвал манай эдийн засаг өснө, буурвал дагаад хямарна. Байгалийн баялагтай, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш өсөж байхад 2000-аад оны дундаас манай эдийн засаг цойлсон. Үүнийг нь зарим улстөрчид өөрсдийнхөө гавьяа гэж ярьдаг юм шиг байна лээ. Гэхдээ үгүй юм. Эдийн засаг нэг салбараас тэр дундаа хөрш улсуудаасаа хараат байна гэдэг эдийн засгийн эрх чөлөө бус, эдийн засгийн ангал лугаа адил гэдгийг гаднын мэргэжилтнүүд сануулсаар ирсэн. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр өөр салбаруудыг хөгжүүлэх, тодорхой хугацаанд тэргүүлэх салбар байна гэж тодорхойлоод урт хугацааны бодлого боловсруулдаг жишиг гадныханд байжээ. Гэвч бусад улс орны капитал нь хүн гэдэг дээрээ анхаарахгүйгээр орд газрууд, тэндээс олох ашиг дээрээ анхаарснаас өнөөдөр “Оюу Толгой”-гоо ч жинхэнэ утгаар нь гараанаас гаргаж чадахгүй л байна. Өмнөд Солонгос, Япон, Британи улсууд аж үйлдвэрийн бусад салбаруудаа зэрэг хөгжүүлсэн болохоор эдийн засгийн өсөлт нь тогтмол, түүнийгээ дагаад хөгжил нь хурдацтай байдаг аж.
Тэд чухамдаа хуваарилалт нь шог байна аа л гэж дүгнэж байсан, одоо ч ингэж дүгнэж байгаа юм. Гарааны тэгш эрх нийгэм шилжихэд байсангүй. Мэдээлэлд ойр нэг нь ашигтай хөдөлж чадсан бол нийгмийн давлагаанд шидэгдсэн нь хуваарилалтад өртөж чадаагүй. Улс төр нь эдийн засаг, бизнесийн бүлэглэлүүдээ дагаад өрнөдөг учраас бизнес, улс төр нь дэндүү хутгалдсан гажиг тогтолцоотой. Тоглоом дүрэмгүй учраас ямар ч салбар хөгжихгүй, байгаа хэдээ цацаад дуусдаг гэм сүүлийн хэдэн жил ажиглагдлаа. Өнөөдөр ч ажиглагдсаар байна.
Биднийг будилж байхад
Монголчууд бид капитализм байгуулна аа гээд будилж нэг газраа эргэцэж байх хооронд “капиталгүй капитализм” гэх ойлголт өөр салаа утгаараа хөгжөөд эхэллээ. Хүн төрөлхтөн цахим хөгжлөөс нэгэнт хоцорч үлдэх аргагүй болсон тул биет бус капитал гэх ойлголт бий болжээ. Блокчейн технологи, цахим хэтэвч, цахим засаглал, крипто валют, фин тек зэрэг нэршил эдийн засгийн ухаанд бий болсон байна. Цахим платформын тусламжтай автомашин, унадаг дугуй, орон байр, оффисын талбай, хувцас, тоног төхөөрөмжийг эзэмшихгүйгээр, шаардлагатай үедээ л ашигладаг хэв маягт тэд дурлах болжээ. Тиймээс хуваалцах эдийн засаг буюу “sharing economy“ гэх ойлголт бий болсон байна. Хувааж хэрэглэх нь хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас байсан ч эдийн засгийн ухаанд судлагдахуун болсон нь нэн шинэ агаад сонин сонсогдож байж болох юм. Дэлхийн эдийн засгийн чуулганы судалгаагаар ирэх таван жилд энэ төрлийн үйлчилгээний үнэлгээ тав дахин буюу 8.6 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхий дахиныг хамраад одоо ч намжаагүй байгаа цар тахал хуваалцах эдийн засгийг улам идэвхжүүлсэн юм. Гэрээсээ ажиллах, гэрээ оффис болгож тохижуулах эрэлт хэрэгцээ их болсныг “Financial Times” сонин онцолсон байна. XXI зууны эхнээс хөгжингүй орнууд автомашин, үл хөдлөх хөрөнгө, компьютер гэх мэт биет хөрөнгөөс илүүтэй бүтээгдэхүүний дизайн, брэндинг, судалгаа хөгжүүлэлт, программ хангамжийг хөгжүүлэхэд мөнгө хаяж эхэлсэн нь хуваалцах эдийн засгийн суурь болсон гэдгийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн Жонатан Хаксел онцолжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: