Вакцины бүрэн тунг хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авсан, архаг хууч өвчтэй таван хүн нас баржээ
Коронавируст халдварын эндэгдэл өнгөрсөн хоногт хоёроор нэмэгдлээ.
Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо 272 болоод боллоо. Үүнээс 259 хүнийг уг өвчний хүндрэлээр эндсэн гэж ЭМЯ-наас мэдээлж буй бол 13 хүнийг хавсарсан өвчний улмаас эндсэн гэж мэдээлж байгаа юм.
Нас барсан иргэдийн дунд вакцины бүрэн тун хийлгэсэн хүн байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэллээ.
"Нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсан"
Тэрбээр “АНУ-ын СDC-ээс, тус улс тавдугаар сарын 17-ны байдлаар 130 сая хүнийг дархлаажуулсан. Гэсэн хэдий ч халдвар авсан тохиолдлууд бүртгэгдсээр байгаа бөгөөд одоогоор вакцин хийлгэснийхээ дараа 9,000 гаруй хүн халдвар авсан гэж мэдээлж байна.
Вакцин хийлгээд халдвар авсан дээрх хүмүүсээс 343 хүн эндсэн гэжээ.
Манай улс энэ судалгааг хийж байгаа бөгөөд коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсан.
Тухайн таван хүн архаг суурь өвчтэй, өндөр настай байсан бөгөөд вакцины бүрэн тунгаа аваад 14 хоногийн дотор халдвар авч, хүндэрч нас барсан байна.
Иймд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран одоо халдвар хамгааллын дэглэмээ хамгийн сайн барих чухал үе юм" хэмээн хэллээ.
URL: