Г.Гэрэл: MNB-гийн удирдлага байна гэдэг эрх мэдэл, эрх ямба эдлэхийн нэр биш гэдгийг шинэ хүмүүс нь удахгүй ойлгох биз дээ
МҮОНРТ-ийн дэд захирлаар ажилласан Г.Гэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үзэгчдийн эчнээ танил “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, сэтгүүлч Г.Гэрэл өнгөрсөн хугацаанд буюу 2016-2021 онд МҮОНРТ-ийн удирдлагын багт ажиллаж, чамгүй ажил хийж амжуулсан. Ер нь та телевиз, өргөн нэвтрүүлгийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Би телевизийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд Монголд анх удаа өглөөний цагийг үнэд хүргэх нэвтрүүлэгтэй болъё гэдэг зорилгоор “Өглөө хөтөлбөр”- ийг хийж эхэлсэн. Нэвтрүүлгийн санааг тухайн үед Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Ганболд ах гаргаж, ажил хэрэг болгож байлаа. Ингэж үзэгчид анх удаа өглөөний сэргэг цагт мэдээ нэвтрүүлэг үзэх нь ямар чухал вэ гэдгийг манай нэвтрүүлгээр үзэж ойлгосон доо.
“Өглөө хөтөлбөр” маань эфирээ цацаж эхэлснээс 20 жилийн хугацаа өнгөрчээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд зөвхөн “Өглөө” хөтөлбөр гэлтгүй Үндэсний, радио телевиздээ идэвхтэн сурвалжлагчаас эхлээд бүх л алба, нэгжид ажилласан байна. МҮОНРТ-ийн дэд захирал хүртэл ажиллахад ямар нэг шат алгасаагүй. Уран бүтээлийн төлөө, хамт олон, радио телевизийн хөгжлийн төлөө залуу хүний хувьд юу хийж чадахаа харуулах боломж гэж бодож л ажилласан. Хүмүүс намайг “MNB”-гийн Гэрэлээ, “Өглөө” хөтөлбөрийн Гэрэлээ гэж овоглодог, ингэж дууддаг. Би ч энэ нэрэндээ дурлачихсан л даа.
-Монголчуудад “Өглөө” хөтөлбөр нэг тийм шинэ мэдрэмжийг өгсөн. Та нэвтрүүлгийн саналыг анх хэрхэн хүлээн авч байв?
-Надад их сайхан боломж олдсон гэж боддог. Тэр үед их л олон хүнийг шалгаж байсан юм билээ. Би “Eaglе” телевизэд жижигхэн нэвтрүүлэг хөтөлдөг байсан.
Сонгон шалгаруулж байгаа багийнхан намайг тэндээс хараад Үндэсний телевизэд ирж ажиллах санал тавьж байсан. Миний хувьд их азтай, сайхан хувь тохиол юм.
-Тэр цаг хугацаанаас хойш та телевизийнхээ дэд захирал болтол дэвшин ажиллажээ. Энэ салбарыг амаргүй гэдэг. Шантрах бэрхшээх зүйл байв уу?
-Ер нь миний ажиллах арга барил “хурдан гүйхгүйгээр” өдөр бүр, зогсолтгүйгээр, байнга урагшилж, алдаа гаргахгүй ажиллахыг л эрмэлздэг. Уран бүтээлээсээ ч хойш суудаггүй. Харин ялгаа нь камерынхаа өмнө биш ард нь гарч ажиллаад удсан байна. Продюссерын ажилдаа ч хамгийн дуртай. Миний амьдралын ихэнх цаг хугацаа энэ ажил мэргэжилтэй холбоотой. Гэрт байх, эхнэр, ээж байх ажлаа муу хийсэн байж магадгүй л юм.
-МҮОНРТ өнгөрсөн хугацаанд нэлээд шинэчлэгдэж, хөгжил дэвшилд хүрсэн гэж боддог, томоохон өөрчлөлтүүд гэвэл та юуг онцлох вэ?
-МҮОНРТ-ийн хамгийн том хөгжил дэвшил хаана байсан бэ гэхээр олон нийтийн статустай болсон тэр цаг хугацааг гэж би боддог. Олон нийтийн радио телевизийн хууль 2005 онд батлагдаж, 2006 онд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнээс хойш Үндэсний зөвлөлтэй, олон нийтийн гэсэн статустай болоод бас багагүй хугацаа өнгөрчээ. Одоо ч олон нийтийнх байхынхаа хувьд өөрчлөлт, шинэчлэлээ хийсээр яваа. Олон нийтийн өмчит болох, олон нийтэд зориулсан мэдээлэл нэвтрүүлгийг тэнцвэртэйгээр хэрхэн хүргэх вэ, иргэдэд сонирхолтой биш байж болох ч хамгийн чухал, хэрэгтэй мэдээллийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Мөн улс төрөөс хараат бус байх, санхүүгийн асуудлаа улс төрөөс хараат бусаар шийддэг байх, хямралд өртөхгүйгээр түүнийгээ зохицуулдаг байх тэр боломжийг MNB ирэлхийлсээр байна. Төгс сайн зохион байгуулалтад орсон гэж хэлж чадахгүй ч энэ хугацаанд чамгүй урагшилсан шүү. Дэлхийн улс орнуудын олон нийтийн статустай телевиз, хэвлэл мэдээллийн жишигт хүрэхийн тулд үе үеийн үндэсний зөвлөл, захирлууд, удирдлагын баг өөр өөрсдийнхөө зорьсноор өөрчлөлт шинэчлэлтийг хийж ажилласан гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Түүнчлэн үндсэн үйлдвэрлэл, уран бүтээл, байгууллагын маань эд эс ширхэг болсон уран бүтээлчид маань ч “олон нийтийн” байх зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэсээр л байна.
-Ялангуяа, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МҮОНРТ-д нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийсэн гэж хардаг. Удирдлагын багт нь орж ажилласан хүний хувьд энэ дөрвөн жилийг хэрхэн дүгнэх вэ?
-Аль ч стратегийг урагшаа харж, тэлэх, өсөн нэмэгдүүлэх зорилгоор л хийдэг. Манай баг ч ингэж л ажилласан. MNB хаяагаа тэлсэн, өнгө төрх, хөтөлбөрөө шинэчилсэн, техникээ сольж шинэчилж сайжруулсан цаг хугацаа байсан. Зорилтот сувгууд нээж, өргөжих, дэд бүтцээ сайжруулах, хөгжүүлэх зэрэгт анхаарсан дөрвөн жил болсон. Нэгдүгээрт, манай баг “Монголын мэдээ” сувгаа чадавхжуулах, хөтөлбөрийн бодлогыг шинэчлэх, сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтаар техникээ шинэчилсэн. Хоёрдугаарт, “MNB-Спорт” сувгийг шинээр нээсэн. Энэ бол үндэсний спортоо дэмжих, сурталчилах, үзүүлэх зорилготой суваг юм. Олон нийтийн статустай телевиз нь л үндэсний спортоо бодлогоор сурталчилахгүй, үзүүлэхгүй бол хамгийн их хөдөлмөр зарцуулж, зардал гардаг атлаа ашиг багатай байдаг энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага гэж бараг байхгүй. Хувийн хэвлэл мэдээлэл мэдээж ашгийн бус үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Харин Олон нийтийн радио, телевиз бол ашгийн бус, нийгэмд олон нийтэд хэрэгтэй чухал орон зайг олж хараад, түүндээ зориулсан стратегийг хийж байх ёстой юм. Тэгэхээр үндэстнийхээ дархлаа, өв соёлын чухал хэсэг болох үндэсний спортоо хөгжүүлж, сурталчилах суваг байх ёстой юм байна гээд энэ сувгийг нээсэн. Түүнчлэн “MNB Гэр бүл” гэж шинэ сувагтай болсон. Манай хамгийн отгон төсөл шүү дээ. Хүүхэд, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэвтрүүлэг нийтлэл өөрөө ашиг өгөөд байдаг салбар биш. Гэхдээ нийгмийн анхаарах ёстой хамгийн чухал хэсэг. Хүүхдэд, гэр бүлийн боловсролд зориулсан хэвлэл мэдээллийн, нэвтрүүлгийн төрөлжсөн суваг байх нь зүйтэй гэсэн үүднээс энэ сувгийг нээсэн. Засгийн газраас ч дэмжиж эхлүүлсэн юм. Мөн миний хамгийн их гайхуулж ярих дуртай суваг бол “MNB World”. Энэ төсөл амжилттай хэрэгжээд хоёр жилийнхээ ойг тэмдэглэлээ. Монгол Улсыг дэлхийн бусад улс оронд таниулах , мэдүүлэх гадагшаа чиглэсэн тогтмол үйл ажиллагаатай гарцтай болох хэрэгтэй гэж их эртнээс өмнөх хоёр ч ерөнхий захирлын үеэс ярьж эхэлсэн байдаг. Энэ санааг цаасан дээр буулгаж төсөл болгоод, бодитоор биеллээ олоход нь гар бие оролцсон гэж өөртөө баяртай байдаг. Энэ сувгаар дамжуулж Монгол орноо сурталчилах, мэдээлэл дамжуулах, аялал жуулчлал хөгжүүлэхэд том нэмэр болох учиртай. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид, гаднаас манай орныг сонирхож байгаа улс орон, монголчууд олноор оршин сууж сурч, ажиллаж байгаа дэлхийн орнуудад гардаг байх сүлжээг бий болгосон. Мөн сошиал платформ дээр их анхаарч хялбар үзэж болох арга замыг нэвтрүүлсэн. Цаашид контентоо чанаржуулах, боловсон хүчний бодлогоо сайжруулах, дараа дараагийн хүч сэлбэлтээ хийх шаардлагатай байна. Энэ чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах хүний нөөц дутмаг учир цалин хөлс болон ажлын орчинг сайжруулах, боловсон хүчнээ бэлтгэх шаардлага чухал байх юм билээ. Мөн сүүлд “MNB” мэдээллийн сайтын шинэчлэл болон гар утасны аппликейшний ажлыг ерөнхийд нь нугалаад дууслаа. Энэ апп-аар үндэсний телевизийн таван сувгийн, радиогийн хоёр сувгийн бүх контентыг үнэ төлбөргүй үзэх, сонсох боломжтой. Ингээд өнгөрсөн дөрвөн жилийг нийтэд нь харвал, МҮОНРТ маань хаяагаа тэлсэн, дэд бүтцээ сайжруулсан, өнгө төрхөө өөрчилсөн, техникийн шинэчлэл хийж чадсан хөтөлбөр, хүний нөөцийнхөө бодлого дээр анхаарсан ийм л он жил байлаа. Мөн төр, засгийн анхаарал өмнөх үеүүдээс ч илүү байсан гэдгийг хэлэх ёстой. MNB-гийн удирдлага байна гэдэг эрх мэдэл, албан тушаал, ямба эдлэхийн нэр биш. Тийм их мөнгө төгрөг, төсөв албан тушаал гэж байхгүй. Хувь хүний хувьд юу хийж чаддагаа харуулах, салбарын хүрээний манлайлал юм шүү дээ. Үүнийг шинээр ажил авч байгаа баг ч мөн ойлгох хэрэгтэй.
-Төр, засгийн дэмжлэг сайжрахын нөгөө талд бас асуудал үүсээд байх шиг. Үүнийг өнгөрсөн өвөл болсон үйл явдал харуулах шиг боллоо?
-МҮОНРТ-ийн тухайд хамгийн чухал дэмжлэг бол төсвийн дэмжлэг. Өнгөрсөн хугацаанд төсвийн дэмжлэг сайжирсан уу гэвэл сайжирсан. Гэхдээ төр өгсөн шигээ авчихсан. Сүүлд манай телевиз дээр болсон дуулиан шуугиан төсвийн тодотгол, таналттай холбоотойгоор ширүүссэн. Энэ бол цар тахлын хүнд хэцүү нөхцөлд зөвхөн MNB дээр тохиолдож байгаа асуудал уг нь биш л дээ. Салбар бүрт л эдийн засгийн асуудал тулгарч байсан. Гэхдээ одоо харахад бидний маргаан төсөв танаснаас үүсчээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Аливаа үйл явдал өрнөөд эхэлсний дараа л учир шалтгаан нь юу байсан бэ гэдгийг зөвөөр харах, дүгнэх цаг үе ирэх юм.
-Одоо асуудал намжсан биз дээ?
-Тэр ч сайн, энэ ч муу гэсэн байдлаар хүмүүсийн нэр төрд халдсан зохион байгуулалттай ажиллагаа явж, олон л хэлэлцүүлэг сошиал дээр өрнөсөн. Дүйвээнээр нь улс төрийн зорилготой, албан тушаалын хонжоо харсан өөр агуулга, зорилготой үйл ажиллагаа ч давхар явагдсан. Энэ бүхний дуулианаар хичээн зүтгэж ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж, муу нэр ч их зүүсэн дээ. Тэдгээр хүмүүсийн хэлж ярьж байгаа бүх зүйлийг мэргэжлийн байгууллагууд хуулийнхан шалгаж дүгнэлтээ гаргасан. Ямар нэгэн асуудалтай зүйл гараагүй. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалд харамсаад халаглаад байхаас илүү дахин ийм нөхцөл байдалд энэ байгууллага орохгүйн тулд дараагийн эрсдэлээс хамгаалсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Харин энэ бужигнаан дундаас нэг гэрэл гэгээг олж харсан. Энэ нь Олон нийтийн радио, телевизийн хуулийн шинэчлэлийн тухай асуудал юм. Одоо бид 2005 онд батлагдсан хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн хэрэгцээ, хурд, тэс өөр чиг хандлагатай болж, өөр дүрмээр тоглоод багагүй цаг хугацаа өнгөрч байна. Үнэндээ 15, 16 жил хэрэгжсэн хууль өнөөдрийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн эрэлт хэрэгцээг гүйцэт хангаж чадахгүй байна. Тиймээс энэ хууль шинэчлэгдэх ёстой. Санхүүгээр нь дамжуулж улс төрөөс, намаас хараат байлгаад байсан нөхцөлийг л болиулах арга замыг эрэлхийлэх, тодорхой бусад оронд хийсэн шийдэл туршлагыг авч ашиглах хэрэгтэй. Илүү олон нийтэд зориулсан мэдээллийн үйлчилгээг хүргэхэд энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлт чухал. Хуулийг өөрчлөх санал санаачлагыг өмнөх удирдлагууд парламентад хүргүүлсээр ирсэн. Гэвч улс төрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж хуулийн өөрчлөлт хийж чадаагүй. Харин өнгөрсөн өвөл болж өнгөрсөн бужигнаанаас УИХ-ын дарга болон гишүүд нэг зүйлийг тодорхой харж чухал шийдэлд хүрсэн нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн шинэчлэлийн асуудал юм. Одоо УИХ-аас ажлын хэсэг гараад хуулийн шинэчлэлийн тухайд ажиллаж эхэлсэн. 2005 онд батлагдсан хууль маань тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй, өргөн боломжтой, хурдтайгаар өсөн нэмэгдэж байгаа ийм нөхцөл байдалд өнөөдрийн манай хууль хэтэрхий хуучирсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь чухал юм.
-Та “MNB World” сувгийг бахархан ярих дуртай гэлээ. Цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?
-Энэ сувгийг анх 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Тухайн үед шат шатны уран бүтээлчид, удирдлагууд, төслийн удирдагч маань ёстой л эрвийх дэрвийхээрээ ажилласан. Шинэ студи, шинэ тайз, талбай засахаас эхлээд бүхнийг шинээр, стратеги төлөвлөгөөний дагуу хийсэн. Энэ сувгийн хувьд хүний нөөцийн асуудал их чухал байдаг. Хэвлэл мэдээллийн ажилтан маань хүлээн зөвшөөрөгдөхүйц гадаад хэлтэй байх, аливаа мэдээлэлд дүгнэлт хийх өндөр чадвартай байх, дэлхийд гарч байгаа Монголын нүүр царай шүү гэдэг үүргийг ухамсарлаж ажиллах тийм хүмүүс хэрэгтэй. Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил нь өөрөө их удаан үйл явц байдаг юм байна. Би энэ төслийг гадаадад Монгол орныг сурталчилах, тэр дундаа аялал жуулчлалыг татах бодлогын дагуу илүү сайн ажиллаж, хөгжих ёстой гэж боддог.
-Монголд арилжааны телевиз олон байна. МҮОНРТ тэдэнтэй өрсөлдөх ёстой юу. Үзэгчид маань харьцуулж дүгнээд байдаг?
-Олон нийтийн радио, телевизийн хууль дээр их тодорхой байгаа. Зорьсон зорилго, үзэл баримтлал нь хуулийнхаа дагуу л явах ёстой. МҮОНРТ арилжааны телевизүүдтэй өрсөлдөх шаардлагагүй. Харин олон нийтэд хамгийн сонирхолтой гэдгийг нь орхиод хамгийн хэрэгтэй, хамгийн чухал, тэнцвэртэй гэсэн мэдээлэл нийтлэх ёстой. Хүмүүс энд тэнд ганц нэг сонирхолтой контент гарахаар MNB-ийг заавал харьцуулдаг. Сайн бодоод үзвэл яг одоо сонирхолтой байгаа сэдвээс нь эхлэх үү. Жишээлэхэд, бусад телевиз, радио хүүхдийн үзэх нэвтрүүлгийг дандаа орхидог. Нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд өөрөө суваг солиод хэрэгтэй мэдээллээ ялгаж олж авч чадахгүй. Хүүхдэд зориулсан хөдөө аж ахуйн тухай, гэр бүлийн хүмүүжлийн тухай, Монголын үүх түүхийн тухай, үндэсний соёлыг шингээсэн хөгжим дуу хуур, зэмсгүүдийн тухай, нүүдэлчний өв соёл уламжлалын тухай хэн тэгвэл гаргаж өгөх юм бэ. Ийм төрлийн контент өөрөө ашиг олдоггүй, хамгийн их зардлаар бүтдэг. Судалгаанаас харвал нийгэмд үзүүлэх ач холбогдол нь их байдаг. Гэтэл гэр бүлийн хамгийн анхаарах ёстой зүйл нь эцэст нь хэн бэ гэхээр хүүхэд шүү дээ. Тэгэхээр хүүхдэд очих зөв мэдээлэл нь чухал. Ер нь Монголын өв уламжлал, соёлын дархлаа, үнэн бодитой мэдээлэл, нэвтрүүлэг уран бүтээлийг олон нийтийн радио, телевиз л хийнэ шүү дээ. Тэгээд ч одоогоор бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл төгөлдөршөөд л, нээх гоё болоод л, өрсөлдөөн дундаас шударга гарч ирээд байгаа зүйл үнэнийг хэлэхэд алга байна. Үүнийг өнөөдрийн үзэгч, сонсогчид хамгийн сайн тунгааж суугаа байх.
-Үзэгчдийн мэдээлэлд хандах хандлага ч чухал болов уу?
-Тийм ээ. Үзэгч, уншигчид үндэслэлгүй мэдээнд, зорилготой контентод анализ хийдэг, ажиглан шинжилдэг барил муу байна. Юу л бичнэ, сэвнэ тэрийг шууд хүлээж авах хандлага ихтэй байна. Бид янз бүрийн зориолготой мэдээллийн “BOOM” болж байгаа цаг үед амьдарч байна. Дэлхийн бусад улс орны хэвлэл мэдээллийнх нь замнасан байдлыг, хөгжлийн түүхийг нь манайтай уялдуулаад харьцуулбал бид туулах ёстой замаа л туулж байна. Ялангуяа, ардчилсан нийгэмд зорьж байгаа, парламентын засаглалтай улсуудад энэ үеийг адилхан туулсан байна. Хэтэрхий адармаатай ядаргаатай юм шиг боловч энэ үеийг туулахаас өөр гарц бидэнд байхгүй. Хамгийн азтай нь бид интернэт орчин маш сайн хөгжсөн, улс төрийн хаалт байхгүй цаг үед амьдарч байгаа учраас мэдээллийн “BOOM” болж байгаа, “хэвлэлээр тархи угаалт”-ыг байнга явуулж байгаа энэ үзэгдлийг цаг хугацааны хувьд хурдан туулж байна гэж боддог. Мэдээлэлд нухацтай ханддаг, мэдээллийн дархлаатай уншигч, үзэгчид нийгмийн төлөөлөл бий болж байна.
-Манай нийгэм эмэгтэй удирдагч, манлайлагчдыг хүлээн зөвшөөрөхөд дутмаг санагддаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Эмэгтэй хүн удирдах албан тушаал хаших, аливаа өрсөлдөөнд орно гэдэг их адармаатай байх юм. Гэр бүл, үр хүүхэддээ анхаарал хандуулж чадахгүй байхаас гадна амьдралынхаа бага цагийг зарцуулж, ихэнх цагаа ажилдаа зарцуулдаг. Эмэгтэйчүүд заавал аль нэгийг нь сонгоход хүрдэг нь үнэн. Эмэгтэй хүн сайн эзэгтэй байхаас гадна сайн манлайлагч байх боломжгүй. Гэр бүлийнхэн маань найдвартай, миний хүсэл зоригийг дэмждэг учраас өнөөдөр би энэ өрсөлдөөнд уначихалгүй амьдарч байгаа байх. Аливаа ажлын талбар дээр зөвхөн эмэгтэй болж төрснөөсөө болж гадуурхагдах нөхцөл байдалд олон ч удаа орж байсан. Надад шударга биш санагдсан. Эмэгтэй хүнд олон зүйлийг ойлгож ухаарч, тэвчих тэвчээр байгаа ч нэг л зүйлийг тэвчих ёсгүй гэдгийг би сайн ойлгосон. Шударга бус байдлыг л тэвчих ёсгүй. Тэвчээд байвал дахиад л шударга бус байдалд орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрөө бэхжүүлэх, хоёрдугаарт, бусдад нээж өгөх явдал чухал юм байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцооны орон зайд хүндлэлтэй хандах цаг хугацааг үгүйлж байна. Энэ цаг хугацааг хүлээж сууж бас төвдөхгүй байна. Тиймээс энэ асуудалд илүү манлайлж, илүү үлгэр дуурайлал харж, суралцаж, энэ чиглэлд цаашид ажиллах ёстой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.25 МЯГМАР № 106 (6583)
URL: