Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал ба цалингийн татвар 80% гэдгийг та мэдэх үү?
Даатгал гэдэг нь ирээдүйд гарах эрсдэлийг урьдчилан тооцож өнөөдөр төлж ирээдүйд буцааж авах мөнгөн төлбөр юм. Татвар гэдэг нь ардчилсан нийгэмд буцаан төлөгдөх нөхцөлгүйгээр нийгмийн тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримталж Төр буюу засгийн газраас эдийн засгийн дахин хуваарилалтыг хэрэгжүүлэх гэж Төрөөс эдийн засагт шууд оролцдог үндсэн арга техник болох албадлагын шинжтэй мөнгөн төлбөр юм.
Монгол Улс нь 1990 оны эхээр Ардчилсан нийгэмд шилжсэнтэй холбогдуулан хуучин социалист нийгэмд Капиталын онолын хичээлд хальт ордог байсан даатгал, татвар гэх шинэ ойлголтыг зайлшгүй практикт хэрэгжүүлэх шаардлага гарсан. Гэвч үүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин байхгүйгээс өөрсдийн хагас дутуу ойлголт, гаднын орны зөвлөх гэх нөхдийн болсон болоогүй зөвлөмжийг практикт хэрэгжүүлэхдээ даатгал, татвар хоёр тусдаа зүйлийг өөр хооронд нь хольж хутган Хөдөлмөрчин анги буюу цалингаараа амьдардаг иргэдийг өнөөдрийг хүртэл хохироож ирсэн бөгөөд цаашдаа ч хохироох шинжтэй үргэлжилж байна. Төр нь өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй засахыг ч оролдог үгүй бөгөөд үүнийгээ зөвтгөхдөө “Эв санааны нэгдэл”-ийн зарчмыг баримталж байна гэх бөгөөд энэ онол нь татвар, даатгал байхгүй байх үе болох бид нарын 1990 оноос өмнөх үеийн ажилчин ангитай хамааралтай юм.
Гажуудал ба цалингийн татвар
Монгол Улсад цалингийн татвар нь Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татвар, эцсийн хэрэглэгч гэдгээр Нэмэгдсэн өртгийн татварыг буцаадаггүй тул НӨАТ, бусад элдэв төрлийн хураамжаас бүрддэг. Их бага цалин авах, олон хүүхэдтэй эсэхээс үл хамаарч адил хувь хэмжээгээр төлдөг. Хувьчилбал 80% хувь байдаг.
Өөрөөр хэлбэл, аливаа төрлийн бизнес эрхлэгч ажил олгогч болж хэн нэгэн нөхрийг ажилд авч цалин гэж 1 сая төгрөг өгөхийн тулд Засгийн газарт зайлшгүй 800 мянган төгрөгийн татвар төлөх албан шаардлага үүсдэг. Энэхүү татвар нь Эрдэнэт, Таван толгой, Оюутолгой, Мобиком, Хаанбанк, АПУ зэрэг томоохон компанид төдийлөн ач холбогдолтой түвшинд нөлөөлдөггүй бөгөөд харин бизнес эдийн засгийн монопол байдлаа хадгалж үлдэхэд тусалж байдаг. Учир нь, том компаниудын улсад төлдөг татвар төсвийн ихэнхийг бүрдүүлдэг ч хүн амын 1% орчим хувь ажилладаг бөгөөд харин төсвийн ихэнхийг бүрдүүлдэг шигээ хүн амын ихэнхийг авч ажиллуулбал жижиг дунд бизнесүүд шигээ шууд дампуурах билээ. Ажлын байр бий болгож иргэд өөрсдийн амьдралаа хэнээс ч хараат бусаар авч явах жижиг дунд бизнес эрхлэгчид маань 3, 4 хүн ажилд авч хуулийн хүрээнд ажиллавал 1 сая төгрөгийн ашиг олохын тулд 3 сая төгрөг Засгийн газарт тушаах хуулийн шаардлага үүсдэг бөгөөд шударгаар бизнес эрхлэх боломжгүй болдог. Харин жижиг дунд бизнес эрхлэгчид Засгийн газрын татварын дарамтаас болж уулаасаа хөгжих боломжгүй байдаг тул томоохон компаниуд өрсөлдөгчгүйгээр монопол байдалтайгаар хөгжиж ирсэн.
Сүхбаатарын талбай дээр нэгэн залуу эр өөрийгөө шатааж хөнөөхөд шалтгааныг нь Засгийн газрын ямар ч албан тушаалтан ойлгоогүй бөгөөд жижиг бизнес эрхлэгч залуу ч яаж ч хичээгээд хэчнээн жил ч хичээгээд бизнес нь хөгжиж өгөхгүй байгааг шударга иргэн өөрөө ч ойлгоогүй шиг дүгнэгдэж байна лээ.
Ядуу Монгол оронд Цалингийн татвар өндөр ч Хөдөлмөрчин анги хамт олон тэмцдэггүй үндсэн шалтгаан нь эдгээр мөнгийг хуулиар төлөх үүрэг нь ажил олгогчид буюу бизнес эрхлэгчид оногддог тул хөдөлмөрчид захиргааны шаардлага хэнд хандаж гаргахаа мэддэггүйгээс ажил олгогчоо хий хоосон шүүмжлэхээс өөр үйлдэл хийдэггүй билээ.
Монгол Улс шиг хоол, унаа, байрны мөнгө, цагийн ажил болох Иргэний хуулийн 343, 359 дахь хөлснөөс Нийгмийн даатгалын шимтгэл авдаг, мөн НӨАТ гэчхээд хөдөлмөрчин ангид буцааж өгдөггүй, мөн олон хүүхэдтэй бага цалин орлоготой гэр бүлээс албан татвар авдаг өөр улс ховорхон.
Тэтгэврийн даатгал төлдөг ажилчин ангийн хамт олныг тэтгэврийн даатгал төлдөггүй 1995 оноос өмнөх хөдөлмөрчид, мөн цэрэг цагдаатай хольж бүртгэж байгаа Засгийн газрын бодлого нь ашиг алдагдлаа ялгахаа больж мэдэхгүйгээ мэддэггүй хүмүүс болцгоосон байдаг. Энгийнээр тайлбарлавал, Төр маань сүүтэй үнээ, сувай үнээ хоёроо өөр хооронд ялгахаа больж энэ тэнэгрэл нь зарим сувдаг зальхай этгээдэд боломж олгодог. Капитал банк гэгч хэсэг нөхөд Нийгмийн даатгалаас 340 тэрбум авчхаад буцааж өгөлгүй дампуурчихсан байхад хүндрэл үүссэн нь нийгэмд мэдрэгдээгүй. Монгол шиг эдийн засаг нь жижиг, хүн ам нь цөөн, ард иргэд нь ядуу оронд энэ нь асар их хэмжээний мөнгө бөгөөд үнэгүй орон сууцуудыг хороолол хорооллоор нь босгох бололцоо билээ.
Нийгмийн даатгалын сайн туршлага
Сингапур Улс: Ажилчин бүр 30-45 жил даатгал төлж тэтгэвэрт гардаг тул санд асар их хэмжээний мөнгөн хуримтлал үүсдэг. Харин ард иргэдийг орон сууцжуулж хороолол хорооллоор ижил стандартын орон сууц барихад нэг дор их хэмжээний мөнгө шаарддаг бөгөөд тэр мөнгө нийгмийн даатгалын санд байдаг тул орон сууцжуулахад зарцуулдаг.
Хятад Ард Улс: Нийгмийн даатгалыг нь Банкны хадгаламж болгож явдаг. Банк нь Засгийн газрын шууд эзэмшлийнх байдаг ба ажилтай хүн бүрийн хадгаламж өсөж ямар ч иргэн нь өөрөө хичээх л юм бол ядуугаас ангижирч байдаг.
Вьетнам Улс: Ажилчин ангийг нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй гэж хоёр хуваан цугласан мөнгөөр нь Сингапур шиг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн.
Өмнөд Солонгос Улс: Хятадтай адил хадгаламж хэлбэртэй явж байгаад тэтгэвэрт гарахад нэг дор бөөн дүнгээр хүүгийн хамт их хэмжээний мөнгө авдаг. Эсхүл талыг нь авч талыг тэтгэвэр болгон сар бүр авч болно.
Европын орнууд: Ажлын байрууд нь тогтвортой нэгэнт хэвшсэн маш өндөр түвшинд хөгжсөн систем. Ард иргэд ном их уншдаг тул Засгийн газар нь татвар, даатгал, төлдөг, төлдөггүй гэж сайн ялгаж өөр хооронд хольж хутгадаггүй. Ангиллыг маш өндөр түвшинд гүйцэтгэж тооцооллыг маш сайн тооцоолсон байдаг. Өндөр хэмжээний тэтгэвэр тооцуулж авдаг. Монгол Улс шиг ядуучуудаасаа татвар авдаггүй, харин тэтгэвэр өгдөг.
МННБН-ийн Ерөнхийлөгч Ж.Онон
URL: