Д.Сумъяабазар: Одоогийн нийтийн тээвэр, зорчих хөдөлгөөн бол хамгийн муу буюу F түвшинд байгаа

Д.Сумъяабазар: Одоогийн нийтийн тээвэр, зорчих хөдөлгөөн бол хамгийн муу буюу F түвшинд байгаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь анх удаа хэлэлцэх өргөтгөсөн нээлттэй хурал 10.00 цагт эхэллээ.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа. 2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 400 орчим мянган иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар хотын иргэдийн дунд тулгамдаж буй гол асуудлаар замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээг нэрлээд, судалгаанд оролцогчдын 85 хувь нь авто замын түгжрэлийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн.

Тиймээс хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал нь нийтийн тээврийн хүрэлцээ, замын түгжрэл болоод байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 13 км/цагийн хурдтай байна. Оргил ачааллын үед 8.9 км/цагийн хурдтайгаар оролцож байна. Дэлхийн стандарт 10 км/цагийг тэг зогсолт гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд ирээд байна. Хөл хорио тогтоохын өмнөх Баасан гарагийн хөдөлгөөнийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед тэг зогсолт болсон. 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна.

Их тойруу, бага тойруу дээр хамгийн гол ачаалал байгаа. Оргил цагийн хөдөлгөөний дундаж хурд 9-13 км цаг. Улаанбаатар хот дагуул хотуудаа байгуулаад хөгжвөл төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, төсвийг зөв зарцуулах чиглэл рүү явна аа гэсэн үг. Одоогийн энэ түвшинг харахад F түвшин гэдэг бол сүйрлийн буюу хамгийн муу түвшин. Одоогийн бидний замын байгууламж, нийтийн тээвэр, зорчих хөдөлгөөн бол F түвшинд байна” гэв.


URL: