Төв талбай дээр ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН иргэний хэргийг хаажээ

148209456_208036531034646_4376571133607565079_n2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асгаж, шатаасан хэрэг гарсан. Амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Ойролцоо байсан хүмүүст “Намайг харж байгаарай” гэж хэлээд, өөр дээрээ бензин асгах үед Сүхбаатарын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч шуурхай очсон ч харамсалтай нь гал маш бага хугацаанд асаж, тухайн иргэн нас барж, туслахаар очсон албан хаагч хөнгөн түлэгдсэн юм.

Хэргийн мөрөөр Сүхбаатар дүүргийн цагдаа, Эрүүгийн мөрдөн байцаах албатай хамтран шалгалт явуулсан байна. Камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлж, ойр орчимд байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авчээ.

Тухайн үед амь хохирогчийн биеэс 1987 онд төрсөн Э гэх хүний бичиг баримт гарч ирсэн гэдэг.

Ерөнхийлөгч Х.Баттулга эл хэрэг гарсны дараа Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзаж, иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгаж байсан билээ.


URL: