Спутник V вакциныг маргаашаас 55-аас дээш насныханд хийнэ

Спутник V вакциныг маргаашаас 55-аас дээш насныханд хийнэ

Өчигдөр улсын хэмжээнд 29,478 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр эхний тунд хамрагдсан хүний тоо 1.7 саяыг давсан бол 634 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэлээ.

Нийслэлд эхний тунд 908 мянган хүн, бүрэн тунд 483 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийн 50 гаруй хувь нь хоёр тунг хийлгээд байна.

Харин орон нутагт вакцинжуулалтын ажил удаашралтай байгаа тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.

Орон нутагт оршин суудаг архаг суурь өвчтэй хүмүүсийн хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ хандаж, эмчийн үзлэгт хамрагдаад вакциндаа хамрагдах боломжтой юм байна.

“Сүүлийн долоо хоногт нийслэлийн 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакциныг хийж байсан. Тэгвэл маргаашнаас эхлэн 55-аас дээш насны иргэдэд 10 цэгээр дамжуулан тус вакциныг хийхээр боллоо. Учир нь 65-аас дээш насны 10 мянга гаруй хүн Спутник V вакцин хийлгэж, сүүлийн хоёр хоногт иргэдийн идэвх буурсан. Тиймээс 55-аас дээш насны иргэдийн хүсэлтийг үндэслэн тус вакцинд хамруулахаар болж байна” гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.


URL: