132 иргэн таваас арван сая төгрөгөөр хохирчээ
СХД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнерыг буулгаж, 0.9 га нийтийн эдэлбэр газрыг тохижуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон.
Уг газарт зөвшөөрөлгүй 132 гарааш байсан бөгөөд бүгд газрын зөвшөөрөлгүй байна.
Сонгинохайрхан дүүргээс дээрх гараашийн эздэд нүүлгэх гурван удаагийн хугацаатай албан бичиг хүргүүлсэн ч нүүгээгүй тул албадан буулгах арга хэмжээ авч байгааг албаны хүн дурдлаа. Уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зураг төслийн ажил хийгдэж байгаа бөгөөд оршин суугчид дэмжиж байгаа гэсэн юм.
Иргэд: Газрын зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар хохирол барагдуулахгүй байна. Анх байраа худалдаж авахдаа гараашаа хамт худалдаж авсан гэсэн юм. Нэг гараашийн үнэлгээ 5-10 сая төгрөг. 132 иргэн 5-10 сая төгрөгөөр хохирч байна.
Доктор Ш.Пүрэвсүрэн: Нэгдүгээр хорооллын энэ байрууд 1988 онд ашиглалтад орсон байдаг. Автомашин байрлах газар байхгүй байсан учраас уг газарт гарааш барих зөвшөөрлийг тухайн үед олгож байсан. Уг гараашуудын дээгүүр 110 Мкв өндөр хүчдэлийн шугам сүлжээ татсан байдаг. Өндөр хүчдэлтэй тул газрын зөвшөөрөл олгохгүй боломжгүй гэж хэлж байсан. Газар нь зөвшөөрөлгүй улсынх байж болно. Гарааш бол хувийн өмч шүү дээ. Төр хувийн өмч руу халдаж болохгүй гэсэн хуулийн заалттай байтал өнөөдөр захаас нь шууд буулгаж байна. Төр хувийн өмчид халдаж байгаа бол нөхөн төлбөр өгөх ёстой. Гэтэл тийм зүйлгүй шууд хууль бусаар нурааж байна. Гарааш эзэмшигчдэд нөхөн төлбөр өгсөн бол уурлаад байх зүйлгүй. Энэ газарт тэглээ ч цэцэрлэгт хүрээлэн барих ямар ч боломжгүй. Өндөр хүчдэлийн дор үр хүүхдээ салхилуулах нь аюултай.
URL: