“Ганцаараа амьдардаг 39,501 ахмад настан байгаа нь тэднийг эмзэг бүлэгт хамааруулах шалтгаан болж байна”

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийн хүрээнд “Зорилтот бүлгийн эрх” сэдвээр ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзулын тавьсан илтгэлд ахмадуудын ахмадуудын эрхийн талаар онцоллоо.

Улсын хэмжээнд 2020 оны байдлаар нийт 374,428 ахмад настан байгаагаас 215.799 буюу 57.6 хувь нь эмэгтэй, 158.629 буюу 42.3 хувь эрэгтэй байна.

Ганцаараа амьдардаг 39,501 ахмад настан байгаагаас 29,080 эмэгтэй, 10,421 эрэгтэй байгаа нь тэднийг эмзэг бүлэгт хамааруулах шалтгаан болж буйг тэрбээр илтгэлийн үеэр онцоллоо.

Мөн тэрбээр “Ганцаараа амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй ахмад настнуудад тэр бүр хүрдэггүй. Ахмад настнууд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, технологийн мэдлэг чадвар дутмаг байдлаас болж бусдын хараат байдалд орох, мөнгө, санхүүгээ захиран зарцуулах эрх нь зөрчигдөж байна.

Мөн ахмад настай эмэгтэйчүүдийн хувьд сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаатай холбоотой ач зээгээ харах, асрахад илүү их цаг зарцуулж, үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдсэн.

Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн 155 асруулагчийн 147 нь сэтгэцийн эмгэгтэй. Батсүмбэрийн асрамжийн газарт гэр бүлийнхний эргэлт уулзалт хийлгэхгүй ар гэртэй нь холбогдуулахгүй асуудал гарсан. Иймд ХЭҮК-оос цахимаар гэр бүлийнхэнтэй нь холбогдуулах шаардлагыг хүргүүлж ажилласан” гэв.

Иргэд нийгмийн хариуцлагаа нэгдүгээрт тавьж, вакцинжуулалтдаа хамрагдах нь чухал. Үүнийг хариуцлагажуулахаар албадлагын арга хэмжээг авах талаар Засгийн газраас хэлээд буй.

Тэгвэл ийнхүү албадлагын арга хэрэглэж вакцинжуулалтад хамрагдуулах асуудал нь хүний эрхийн зөрчил мөн эсэхийг ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзулаас тодруулахад “Мэдээж иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг цар тахлаас хамгаалах, сүргийн дархлааг бий болгоход вакцинжуулалт зайлшгүй чухал. Комисст Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас ирүүлсэн албан бичигт коронавирусийн дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр явуулж байгаа гэсэн. Хэрвээ вакцинжуулалт нь сайн дурын юм бол заавал хийлгэхийг албадаж, ялангуяа төрийн халамж үйлчилгээг хүртдэг эмзэг бүлгийн иргэдийг вакцинд хамрагдахгүй бол хүнсний талон, нийгмийн халамжийн тэтгэмж олгохгүй гэсэн шийдвэр нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй шийдвэр, шууд бус ялгаварлан гадуурхалт гэж хэлэх үндэстэй юм.

Ялангуяа хүнсний талоноор хоолоо залгуулдаг хүмүүс хангалттай амин дэмтэй хоол хүнсээр хангагдаж чаддаггүй бөгөөд дархлаа султай байх боломжтой. Нөгөө талаар вакцины хүндрэлүүд бүрэн дүүрэн судлагдаагүй байгаа энэ цаг үед хүмүүсийг тэр дундаа бүр эрүүл мэндийн хувьд хийлгэх боломжгүй хүмүүсийг албадаж болохгүй. Энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

Харин үсчин гоо сайхан, дэлгүүр ,зоогийн газраар үйлчлүүлэх гэтэл вакцин хийлгээгүй хүнд үйлчлэхгүй гэдгийн асуудлын цаана бол хүний эрхийг зөрчил яригдахгүй. Яагаад гэвэл энэ нь баян байх эрх гэж байхгүйтэй адил зүйл юм.

Тэгэхээр Засгийн газраас яагаад иргэд вакцин хийлгэхгүй байгаа шалтаг, шалтгааныг арилгахад чиглэсэн нь арга хэмжээ авах, иргэдээ бүрэн дүүрэн мэдээллээр хангаж, харилцан итгэлцлийг төрүүлэхэд анхаарах нь зүйтэй” хэмээн хариулсан билээ.


URL: