Английг дууриах гэнэхэн оролдлого Монголыг сүйрэл рүү хөтөлсөөр…

712-1620606068OTGO7938

ҮНДСЭН хууль нь ч, төрийн байгуулал нь ч, төр ёсны уламжлал нь ч ойлгох, ухаарахад нэн бэрх, дууриах дагахын хувьд бол ер нь бололцоогүй талдаа шахам өвөрмөц орны тоонд Их Британи ордог. Орчин үеийн Их Британий нэгдсэн төрийн үүсэл, хөгжлийн явцын онцлогийг Англи ба Шотланд хэмээх хоёр хаант улс 1707 онд нэгдэж нийлсэн үеэс ургуулан үзэцгээдэг. Угсаатны зүйн үүднээс бол Их Британи нь ихээхэн ялгаа, онцлог бүхий олон бүрэлдэхүүн хэсгээс (Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд г.м) бүтдэг ба тэдгээр нь төв төрийнхөө хувьд ихээхэн онцлог, олон зэрэг зиндаа бүхий автономи холбоо, шүтэлцээтэй юм. Эл ээдрээтэй нарийн харилцаа, холбоо нь Их Британий төрийн байгуулал, Үндсэн хуульд мөн л ээдрээтэй нарийнаар тусаж илэрхийлэгдсэн байдаг. Тэгэхдээ онол, зарчимд үндэслэн бүтэж биежсэн нь бага, харин уламжлал, тохиолдлоор бүтэж биежсэн нь түлхүү, уламжлалын эрч, инерциэр үлдэж хадгалагдсан нь тоймгүй, үнэхээрийн өвөрмөц хачин жишээ, туршлага гэж үзэж болно. Британичуудын удирдах дээд давхрааныхны хувьд бараг л «өвчин» гэж үнэлж болох нэгэн хачирхмаар шинж байдаг. Энэ бол ялимгүй жижиг гэхээр ч байсан ялгаагүй төр ёсныхоо уламжлалт зүйлсийг бараг л муу, сайн гэхгүйгээр хадгалах, авч үлдэх, хэрэглэсээр байх гэсэн эрмэлзэл, оролдлого юм. Англичуудын улс төрийн амьдрал, нийгэм-төрийн үйл ажиллагааны аль ч тал, хэсгээс эл онцлог шинжийг олж харж болно. Энэ байдлаас нь болоод Их Британий Үндсэн хууль мөн л ижилгүй өвөрмөц, хосгүй сонин шинжүүдтэй. Их Британий Үндсэн хууль бол тодорхой онол, үзлийн үндсэн дээр төлөвлөгдөж, батлагдаж, мөрдөгдөж, сахигдаж ирсэн нэгдмэл нэгэн баримт бичиг огт биш билээ. Харин тэр нь энэ улс орны улс төрийн амьдралын эх хөрс, нийгэм-төрийн практикийн гал, утаан дундаас өөрөө төрж гарсан, тодорч үлдсэн, бүтээж биежсэн зүйл гэж зүй ёсоор үнэлэгддэг цөөн хэдэн хуучин, шинэ хуулиудын бүрдэл юм. Хүн амын элдэв давхрааны төлөөлөгчдийн байгууллага болж анх үүссэн Английн парламент нь эзэн хааны эрх, засаглалыг тэнцвэржүүлэгч хүчний үүргийг түүхийн урт удаан хугацааны туршид гүйцэтгэж байв. Парламентдаа түшиг, хамсаатан болж хааны эрх мэдлийг хязгаарлалцаж ирсэн өөр нэг хүч бол шүүхүүд, шүүгчид юм.

Төрийн тогтолцоо дахь байнгын нэгэн хүч, байгууллага болж бүрэн төлөвших явцдаа парламент нь нийтээр сүсэглэн дагах ёстой хууль, эрхийн хэм хэмжээнүүдийг тогтоож, байх эрхийг бүр XIII зуунд, харин хоёр танхимт бүтцээ XIV зуунд олсон байна. XVI зууны дунд хэр гэхэд хууль тогтоох эрх мэдэл парламентын үндсэн үүрэг нь болжээ. 1688 оны хувьсгалын дараагаар газрын том өмчинд түшиглэсэн хуучин язгууртнууд ба аж үйлдвэрийн шинэ хөрөнгөтнүүдийн хоорондох улс төрийн тохиролцоо, харилцан хийсэн буултуудын үр дүнд төрийн тогтолцоонд хуучин ба шинэ институтууд зэрэгцэн оршиж, Үндсэн хууль нь ч тэр байдлыг тусгаж ихээхэн өвөрмөц болж хоцорсон байна. Үндсэн хуулиар зохицуулагдах зэрэг зиндааны бүх харилцаа, мөн төрийн дээд өндөрлөгүүдийн үйн ажиллагаа тодорхой хуулиар хязгаарлагдах болсон нь тэр үедээ том дэвшил байв. Чингэж хуулийн хязгаарлалт бүхий удирдлагын байдлаар Үндсэн хуульт хаант засгийн төрийн хэлбэр хөгжиж эхэлжээ. Тэр үеийн Их Британи дахь төрийн онол, сургаалийн гол үзэл санаа нь хааны ноёрхол биш харин эрхийн ноёрхлыг дээдлэх, эрхүүдийг хуульчлах, сахиулахад оршиж байв. Төрин засаглах үүргийн хэрэгжилтэд хөтлөх, тэргүүлэх үүрэг аажмааг парламентын мэдэлд шилжсэн ба парламент нь мөн намуудьг үүсэл, төлөвшилд тодорхойлох үүрэг гүйцэтгэсэн байна. XVII зууны эцэс гэхэд парламентын дотор Виги ба Тори хэмээн нэрлэгдэх болсон хоёр бүлэглэл үүсэж, тэдгээр нь XIX зууны дунд хэрд либерал ба консерватив нам болж хувирсан юм. Либералчуудын байрыг алсдаа Лейборист намынхан эзэлжээ.
Парламент дахь намуудын бүлэг гэсэн ойлголт Англид байхгүй.
Парламентын доод танхимыг албан ёсоор бол Хатан хааны Засгийн газар ба Хатан Хааны оппози хүч гэж нэрлэдэг. Доод танхимд хамгийн олон төлөөлөл бүхий сөрөг хүчний нэг л намыг албан ёсны оппозиц хүч гэж нэрлэх ба удирдагчийг нь сөрөг хүчний дарга гэдэг. Бусад жижиг намын төлөөлөгчдөөр парламентын хэд хэдэн чухал хороог удирдууладаг. Гол хоёр намын аль нь парламентад олонхи болж чаднав тэр намын лидер Ерөнхий сайдаар томилогддог. Цөөнх болсон нам нь албан ёсны сөрөг хүч гэгдэж сүүдрийн Засгийн Газар маягаар ажилладаг.
Их Британий өөр нэгэн онцлог бол гүүний Үндсэн хуулийн хэмжээ, зиндааных байхуйцаар хуулиуд нь хууль цаазын хүчин чадлаараа ердийн хуулиудтайгаа ав адилхан байдаг явдал юм.
Иймээс парламент нь аль, ямар ч хуулиа яаж ч өөрчлөх эрхтэй байдаг. Бусад хуулиас өөрөөр, онцгой байдлаар санаачлагдаж, онцлон хэлэлцэгдэж, батлагддаг хууль гэж Англид үгүй.
Англид төр, засгийн олон чухал зүйл, хэрэг бичигдсэн хуулиар биш, харин урьд өмнө нь тэгсээр ирсэн гэх уламжлалын дагуу шийдвэрлэгдэж байдаг онцлогтой. Ийм байдал бүр Үндсэн хуулийн эрэмбэ, зиндааны харилцаа ба хууль эрхэд ч ажиглагддаг. Бусад оронд бол маргаан, тэмцэл тарихуйц олон зүйл Англид тогтсон ёс байдлаар хэрэгжсээр л байдаг. Хатан Хааны эрх ба нөлөө бага, сулхан юм шиг атлаа их болох үедээ их ч болдог, хүчтэй ч болдог онцлогтой. Бусад оронд бол Үндсэн Хуульд нь чухалчлагдан хуульчлагдсан байдаг зүйлс Их Британид бол бичигдсэн хуульгүй хэр нь мөрдөгдсөөр, сахигдсаар л байх жишээтэй.
Их Британий хууль тогтоох байгууллага хоёр танхимтай. Доод танхимд нь 650 депутат нэг мандаттай тойргоос мажоритар системээр сонгогддог. Бусдаасаа олон санал авсан л бол тэр нь сонгуульд оролцогчдын хагасаас нь бага байсан ч ялгаагүй байдаг. Доод танхимын спикерээр сонгогдсон депутат намаасаа түдгэлзэж, намчирхлаас бүрэн ангид, хөндий болох ёстой. Спикерийг тодруулах сонгууль намын биш үндсэн дээр явагддаг. Иймээс сөрөг хүчин, цөөнхийн төлөөлөгч ч спикер болж болдог. Намчирхлаас хол байх шаардлагын улмаас спикер чуулганы хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлдэггүй ба дэмжсэн, татгалзсан санал яг тэнцсэн тохиолдолд л саналаа өгдөг. Парламентын байнгын хороодын дарга нарыг спикер шууд томилдог.
Парламентын дээд танхим нь мөн л олон онцлогтой. Хүний тоогоороо хөгжингүй бүх орныхоос том.
Энэ танхимд хуралдах эрх бүхий хүний тоо 1200 гаруй байдаг. Тэд бүгд сонгуулийн бус аргаар ийм эрх олж авсан гишүүд юм.
Тэдний дийлэнх олонхи нь үе залгамжилсан герцог, маркиз, гүн, виконт нар, 350 гаруй нь бүх насаараа Лорд цолоор шагнагдагсад байдаг. Гурав дахь бүлэг лордууд нь нэр алдар бүхий шүүгчид болон шашны том зүтгэлтнүүд юм.
Британий парламентын нэг онцлог бол түүний танхимуудын хоорондох харилцаанд доод танхим нь тэргүүлэгч үүрэгтэй байдаг явдал мөн. Тэдгээрийн харилцаанд ч өөр улс, үндэстний хувьд хэрэглэхэд бэрх уламжлал их юм. Британий Засгийн газрын гишүүдийн тоо 20 орчимд эргэлддэг. Ерөнхий сайдыг Хатан хаан томилох бөгөөд Ерөнхий Сайдын оруулсан саналын дагуу сайд нарыг мөн томилдог. Энэ бүхэнд парламент оролцдоггүй.
Орчин үед Ерөнхий Сайдын эрх, үүрэг, нөлөө ихээхэн өсөх хандлагатай болжээ. Ерөнхий Сайд, огцорвол Засгийн Газар бүхлээрээ огцордог. Хэдийгээр Хатан хаан төлөөлөгчдийн танхимыг тараах шийдвэр гаргадаг боловч энэ хэрэгт Ерөнхий сайд их үүрэгтэй. Парламентын доод танхимыг тараах тухай Ерөнхий сайдын саналыг хүлээн авмагцаа Хатан Хаан бараг л тэр дор нь шахам тараах шийдвэр гаргах нь цөөнгүй.
XX зууны туршид парламентын доод танхимын нэг ч бүрэлдэхүүн ядаж ганц удаа ч болов бүрэн эрхийнхээ хугацааг дуустал оршин байж чадаагүй юм.
Бүгд л хугацаанаасаа өмнө тараагджээ. Энэ нь Английн төрийн тогтолцоо, улс төрийн амьдралд тухай бүр тогтворгүй, хямралт байдлыг авч ирж байв.
Парламентын хаант төрийн сул тал, парламентын БНУ-ын төрийн тогтолцооны сул талыг эдүгээ ихээхэн шүүмжлэх болсны шалтгаан олон янз юм. Нийгмийн чинээлэг баян хэсгийн эрх ашгийг дээдлэгсэд парламентад олонхи болчихвол хүн амын олонхи ядууралд түргэн автдаг. Парламентад популистууд олонхи болчихсон үед улс төрийн хямрал, сөргөлдөөн ширүүсч нийгэм удирдлагын хомсдолд орж доройтдог. Парламентад хэт зүүний хүчнүүд олонхи болчихвол тоталитаризм сэргэхэд хүрдэг. Дадлага туршлага багатай залуус олонхи болчихвол улс орон, нийгмийг эрсдүүлсэн нугалаа, завхрал шил шилээ дагаж хөвөрдөг. Хээл хахууль, өнгө, мөнгөнд дуртай улс төрчид олонхи болчихвол авилга, мафи мэт нь газар авч дийлдэхээ больдог. Ард түмний эрх ашгийг жинхэнэ ёсоор илэрхийлэгчид парламентад олонхи болсон үед л парламентын ач тус илэрдэг.
Парламент нь чингэж гавъяа байгуулахаасаа илүү гай тарих нь ч олонтаа ажээ. Иймээс XX зууны дунд, сүүл хэрээс эхлэн Ази, Африк, Латин Америкийн олон улс орон парламентын засаглалаас зайлсхийж Ерөнхийлөгчийн БНУ-ын хэлбэрт аль нэгэн байдлаар шилжих хандлагад автаад байна.
Францад гэхэд л иймэрхүү шилжилт генерал де Голлийн талынхны санаачилгаар 1958 онд болж өнгөрчээ. 1958 оноос өмнөх үед Францад үе үе гарч, хүн амыг дээр, дооргүй бухимдуулж байсан улс төрийн хямралын нэгэн гол шалтгаан нь парламентын засаглалд байсныг тэд лавтай таньж мэдсэн байв. Франц улс түүхэндээ нийт 16 удаа Үндсэн хууль зохиож, туршиж ирсэн, эл чиглэлээр өндөр соёлтой орон билээ.
Английн төр, ёсны жишээ, туршлагаар замнах боломж хэрэг дээрээ тун хомс, эрсдэл ихтэй, ойлгох танихад ч бэрх. Английг дууриахын оронд Англи болж төрөл арилжихаас өөр зам, жимгүй!! Гэвч энэ нь өөрийн гэх эртний их өвөрмөц баян түүх, соёлтой монголчуудын хувьд бүр ч бололцоогүй зүйл билээ. Дүрсэлж хэлбэл «Хөгшин азарга жороолж сурч болох хэдий ч харин яаж ч хувьсаад хөгшин арслан болж» чадахгүй юм. Ингэхлээр Монголын хувьд ганцхан зам, ганцхан чиг бий.Тэр нь нэн яаралтай Ерөнхийлөгчийн засаглал бүхий төрийн тогтолцоонд шилжих явдал. Энэ бол эргэлзэх огт хэрэггүй цор ганц үнэн! Энэ бол өнгөрсөн 30 жилийн туршид хуримтлагдсан хог шаараас салах ганц, ор ганц арга!
Судлаач, профессор Д.Чулуунжав

URL:

Tags: