Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж
Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн ч үр дүн, эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар бүрэн баримт сэлт алга. Тиймээс вакцинжуулалтын нөгөө талд дэлхий нийтээрээ эрсдэл үүсч болзошгүйг судлаачид онцолж буй. Дотоодын халдвар буурахгүй байгаа энэ үед манай улс ч мөн адил бусад орны жишгээр иргэдээ шуурхай дархлаажуулахыг эрмэлзэж буй нь сайшаалтай. Гэтэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хөсөр хаяж болохгүй. Тодруулбал, хүн амын тодорхой бүлэг буюу нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай онцгой нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт мэдрэмжтэй хандах учиртай. Гэвч манай улс иргэдийг вакцинжуулах асуудалд албадлагын арга хэмжээ авч, урамшуулал, үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсгэсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзаж үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж мэдэгдсэн. Мөн бямба гарагаас хөл хориог сулруулахдаа үсчин, гоо сайхан зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахдаа зөвхөн хоёр тунгаа тариулсан иргэдэд эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болголоо. Уг нь анхнаасаа коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг төрийн байгууллагууд албан ёсоор хэлж сануулж ирсэн. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай. Ер нь бол төрийн халамжийг эмзэг бүлгийн иргэд хүртдэг. Хэдийгээр хүнсний талон авдаг иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй ч амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалах нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр юм.
Эндээс харвал жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай, насанд хүрээгүйгээс болоод вакцин хийлгэж чадаагүй бол урамшуулал авах эрхээ хасуулж төрийн шийдвэрийн гадна үлдэж, олон мянган иргэн амь зуух, хоол хүнстэй байх эрхээ хязгаарлуулах нь. Мөн энэ янзаараа манай улс олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө “хар” тамга даруулж ч мэдэхээр байна.
Хоёрдугаарт, вакцинжуулалттай холбоотойгоор нийгмийн эрх хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэн вакцины талаар бүрэн мэдээлэл авах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах, эмчийн заалтаар тарилгаас татгалзах эрхтэй.
URL: